Монголчууд хүн дагаж дууриаж хөглөдөг хүмүүс биш. Ялангуяа харь соёл, харь заншил, харь уламжлалыг хүндлээд л явахаас биш хүрч барьж, хүсэж ноцож, хүрэн баавгайн үлгэрийг давтах тааламжтай биш хэмээн үзнэ.
Байгаа нөхрөө, буулгасан бэрээ, булбарай үрсээ, буусан бууриа, голомт гэрээ бузартуулахгүй авч явахсан, буйд буйлсан бузруудаас зайтай явахсан хэмээн чармайсаар иржээ. Цааш нааш сүлжилдэх замын хүмүүст хүнс залгуулж, хөл дүүжлэх унаагаар туслах бол наад захын чадамж. Хүндлээд л явуулна, хармын сэтгэл үгүй, атаа хорсол аядуу, шунал тачаал үгүй улс. Авдар саваа цоож цуургатай, аяга саваа эмтрэл, цоорхойгүй, алаг шаазгайд хорлолгүй, хонь малдаа элэгтэй, хорлонт тийрэнг хооллохгүй, авааль эхнэрийн ам цуурга мэт, ёсолсон эрийн хийморь босоо, хадам, өөрийн тал өр зөөлөн, өвөр зуур эвтэй, эмх цэгцээ хаана хаанаа бэхэлсэн, эрээвэр хураавар үйлд хошуу дүрдэггүй, холын хүнд олбогтой, хотол саахалтдаа дэмтэй амьдран суусаар өдийг хүргэжээ.
Би гэж цээжээ балбахгүй, баян гэж бараагаа харуулахгүй, балчигт унах зовлонг мэднэ. Барин тавин мэдэрнэ. Нүүдэлч зөн нүдэндээ мэлмийтэй, нүүрэндээ галтай, худалд мохоо, хуурмагт мөхөө явсаар ирсэн гол шинж одоо ч хэвээр хадгалагдсан. Харуй бүрийд мордох дургүй, харснаа авах дөргүй, хамснаа харамсдаг, хайрласнаа гонсойлгодоггүй голтой түмэн. Гол гольдролтой хүн мөртэй.
Мөр бүтэн, нэр бүтэн явахыг эрхэмлэдэг. Байгаадаа дүүрэн байдаг. Байгаагаа бадмаараг болгож, бусдын юмст шунадаггүй, булан тохойд бувтнадаггүй улс. Байгаагаа бадмаараг болгоно хэмээх нь эхнэр нь гэргий лугаа, эр нь ноён нуруутай, үрс нь үлэмж төгөлдөр, оюун ухаантай, үйлд уран, өглөөд эртэч, онч мэргэн байхын нэр ээ. Эмтэрсэн сэтгэлээ эврээж чаддаг, эрэг нурвал эвлүүлж босгодог, эдлэл хуучрахад нөхөж сэлбэж чаддаг, энэ буйдаа энх амгалан аж төрөхийг хэлнэм зээ.
Буйдаа дүүрч чадах хүн бол амьд бурхан Богд билээ л хө. Та минь ч юм бил үү, хэн мэдлээ?
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )