Tуулын хурдны замын төсөлд хийсэн аудитын шалгалтад үндэслэн 12 зөвлөмж хүргүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол /2026.06.16/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилсэн.

Сонсголын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Tуулын хурдны замын төсөлд хийсэн аудит”-ын талаар танилцуулав. Тэрбээр аудитыг батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлэн 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор Төсвийн байнгын хороо, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгааг дурдсан. Мөн аудитыг хэрэгжүүлэх явцад төслийн талаар тэр дундаа техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл, төсөвт өртөг, санхүүжилт, байгаль орчин, урьдчилгаа төлбөрийн баталгаа, ил тод байдалтай холбоотой иргэд, олон нийт, мэргэжлийн төрийн бус байгууллагаас дэвшүүлсэн асуудлыг анхаарч ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг болон энэхүү ерөнхий сонсголын ажлын хэсэгт аудитын байгууллагын төлөөллийг оролцуулж, шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллаж байгааг онцлов.

Ингээд аудитын явцад гүйцэтгэсэн дүн мэдээллээс урьдчилсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулав.

 

 

Аудитад хамрагдаж буй асуудлуудаар төслийг хэрэгжүүлэгч, захиалагчийн зүгээс ил тод, үнэн зөв мэдээлэл хангалттай өгөх, иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг хангаагүйн улмаас иргэд, олон нийтийн дунд ойлголтын зөрүү үүсэж буйг анхаарч төр, иргэдийн хүсэн хүлээж буй асуудалд голлон төвлөрч хуулиар зохицуулсан хараат бус, бие даасан чиг үүргийг хэрэгжүүлэн аудитын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аудитын урьдчилсан дүн, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд толилуулах хоёр, үйл ажиллагаа асуудалд чиглэсэн долоо, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд чиглэсэн тав, нийт 12 зөвлөмж, илэрсэн зөрчил, хариуцлагын асуудлаар дөрвөн албан шаардлага, хууль хяналтын байгууллагыг мэдээллээр хангаж, хамтран ажиллах дөрвөн асуудлыг төлөвлөөд байгаа бөгөөд аудитын тайлангийн төслийг шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудад хүргүүлж, ирүүлсэн тайлбартай танилцаж аудитын дүн, дүгнэлтийг эцэслэн баталгаажуулах ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн аудитын цахим сайтаар дамжуулан иргэд, олон нийтийг тайлантай танилцах боломжоор хангахаар төлөвлөж байна гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top