Ормузын хоолойг минагүйжүүлэхэд 50 хоног шаардагдана

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Ормузын хоолойг минагүйжүүлж, хөлөг онгоцнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад 40-50 хоног шаардагдана гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Үүний дараа даатгалын компани, хөлөг онгоцны оператор болон газрын тосны компаниуд тус бүсийг хөлөг онгоц зорчиход аюулгүй гэж үзнэ. Орчин үеийн дрон болон уламжлалт мина хайгч төхөөрөмжүүдийг ашиглан хэрэгжүүлэх эл ажиллагаа үргэлжлэх хэдэн долоон хоногт олон сая баррель газрын тосны нийлүүлэлт саатаж магадгүй гэж Ройтерс агентлаг онцолжээ.

Үүнээс өмнө АНУ, Иран, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистаны албан ёсны төлөөлөгчид Вашингтон, Тегеран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон тухай мэдээлсэн билээ. Баримт бичигт энэ сарын 19-нд Женев хотноо гарын үсэг зурхаар төлөвлөж байна.

Ираны гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабадийн мэдээлснээр, 60 хоногийн эвлэрлийн хугацаанд талууд Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ сарын 15-аас АНУ-ын зүгээс Ираны бүслэлтийг зогсоож, Ливаныг оруулан бүх фронт дээр галыг даруй зогсоохоор тохиролцсон байна.

Энэхүү мэдэгдлийн дараа Олон улсын далайн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес Персийн буланд гацаад буй олон мянган далайчныг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Гэхдээ энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхэд аюулгүй байдлын тодорхой баталгаануудыг хангахад цаг хугацаа шаардагдана гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top