Сургамжит, хичээнгүй гэгддэг боржигон Галба, Шанхын говь, Баян-Овоо хайрхан хавиар нутагладаг асан Бунь[базар]-ийн гэргий Даариймаагийн тавдугаар хүү нь Б.Дорж юм. Буньбазарын Дорж[1878-1943] XIX зууны сүүлээр Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу, Халхын өмнөд нутагт төрж, XX зууны эхэн үеэр Шанхын говийн “Нарийн харын хэц /Одоогийн Цогтцэций сумын тухайн цагийн 3-р баг. Тавантолгойн хонхор буюу, нүүрсний уурхай/”-ээр нутаглаж, мэйрэн хэмээн алдаршсан нутгийн итгэмжит том сэхээтэн. 1929 болон 1936 оны хүн амын тооллогоор Цогтцэций сумын бүртгэлд байдаг юм.
Б.Дорж бол Богдхаант үеэс эхлэн төрд алба хааж, засаг захиргааны ажилтны Мэйрэн цол хүрсэн, улс орон хийгээд говь нутгийн төлөө санаа тавигч дэвшилтэт ардчилсан үзэлтэй чинээлэг өрхийн эзэн хүн.
Цогтцэций сумын нутагт 1930 онд “Нийгэм журмын аж ахуйн бат зохиолыг хөгжүүлэгч” нэртэй коммуна байгуулагдахад Б.Дорж бусад баячуудыг уриалан өөрөө үлгэр жишээ үзүүлж хувийн өмчийн бүх малаа Гоёотын ухаа гэдэг газрын энгэрт шаа бөөгнөрүүлэн байж төрд хураалгаж нутгийн мал цөөтэй ядууст хуваан өгсөн гэдэг юм.
Мэйрэнгийн хуваасан буян хишгийг хүртэн мал, малын захтай болсноо дурсдаг хүмүүсийн дунд эмгэн Дух нэрт хөгшин, Ц.Сандав, У.Гээмэл, хөеө хэмээх Х.Цэвэл нарын хүмүүс байсан /“Цогтцэций сумын 90 жил (номд) ”Өгөөмөр.2014.314 тал/ -ыг сумын иргэд орон нутгийн удирдлагууд өдгөө ч мөн үлгэрлэн ярьж, бас бичиж алдаршуулсаар байгаа билээ. Орчуулгын нь алдартай бүтээл болох Киргизийн ардын тууль сая шахам мөр шүлэгтэй “МАНАС (тууль)”-ын нь орчуулга дунд “Ботготой дөрвөн ингэний сүүг хөхөж[129т]” Манас баатар өсдөг. Туульсын энэ үгүүлэмж мэйрэний том ач хүү орчуулагч асан Б.Энэбиш бага насандаа Халхын өмнөд говьд өвгө аав Бунибазарын Доржийнхоо цайны сүүнд коммунаас үлдсэн ингэний дөрвөн ботгыг нүүрст “Таван толгойн” хонхорт хариулж өссөнийг нь дурсахад хүргэдэг халилын дүрслэлтэй “орчуулга” юм шүү.
Цайны сүүнд гэж хамтрал(коммун)-аас үлдээсэн ингэний ДӨРВӨН ботгыг ач хүү Батмөнхийн Энэбиш (Хожмын Монгол Улсын Тээврийн Яамны сайд) нүүрст нутаг “Таван толгой”-н хонхорт хариулж өссөнийг энэ тэмдэглэлийг бичигч миний аав Н.Данзанноров /1921оны хүн/ дурсан ярьдаг байв.
Мэйрэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Л.Түдэвийн “БНУ-ын анхдугаар он.(УХГ.1976.95т)” романы “Мухар толгойтон(Эрэндоо)” нэртэй бөлөгт хувьсгалчийн жишиг дүрээр орж бичигдсэн Их говийн түүхэн хүмүүсийн нэг юм.
Мээрэн Дорж нь дүү Батмөнх [Цэвэлийн ч гэх], охин Цэенпэл, Цэрэнханд нарыг өсгөсөн. Батмөнхийн хүүхдүүд Ербиш [Басбиш ч гэх], Тэрбиш, Энэбиш нар. Орчуулагч Б.Энэбишийн аав Батмөнх хожим нь өрлөг өвгийн [аав] нутаг Цогтцэций сумын дарга [1929.5 сараас]-аар олон жил ажиллаад, Баян-Овоо сум байгуулагдахад шилжин ажилласнаар хүүхдүүд нь өдгөө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэншил, хаягтай болж явдаг түүхтэй юм.
Б.Дорж үндэсний болон спорт тоглоомын зарим төрөл болох сур харвах, бөмбөг намнах, гар бөмбөг тоглодог байсан. Доржийн шавь Цогтцэций сумын ард тухайн үеийн Шүүх яамны ажилтан, дэд сайд явсан Өнөрийн Өлзийхутаг (Цогтцэций сумын ард Жуумаа, Зулзага нарын дүү)-ийн дурсамж байдаг.Батмөнхийн хөвгүүд, охид болох Энэбиш, Тэрбиш, Ербиш нарыг өвгө Б.Дорж хөтлөн өсгөж сур харвахад сургахад анхаарч байв. Хятад нумын бүтцийг задалж судлаад Монгол нум бүтээн хийж өгч хүүхдүүд болон ач нараа сурын талбайгаар дагуулж явдаг байсныг тэд дурсдаг.
Цаг үедээ Хан Хэнтийд зохион байгуулдаг уламжлалтай монгол улсын сурын спортын наадмаас эрхий мэргэн харваач болж, улмаар 55 насандаа 1934 онд Ардын Хувьсгалын 13 жилийн ойн улсын баяр наадамд сурын харваанд түрүүлж 20 сумаас 19 онож, “Бат суурьт улам ундрах идэр мэргэн” цол хүртсэн байдаг. Б.Доржийн санаачлагаар нум сумаа урлан засах, хэрхэн залах ажиллагаа тогтворжсон гэдэг. Үндэсний их баяр наадмын сур, морь, бөхийн спорт говь нутагт хөгжихөд Б.Дорж нь алба хааж эхлэх залуу наснаасаа идэвхитэй оролцож арван засаг, долоон хошуу, сүүлд аймаг, сум орон нутагтаа наадмын бөхийн оноо, зэсүүл хийх, харваачийн гарааг бичих зэргээр байнга ажилладаг байсан учраас тухайн спортын арга, зарчмуудыг бүрэн сайн мэдэхээс гадна олон газрын аварга сайн бөхчүүд, уяачид, харваачидтай танил, мөн тэдний цол, гуншин олгох болон ид хүч, арга мэх зэргийг тогтоох ажлыг боловсронгуй болгоход өөрийн авъяас билгээ зориулсан хүн.
Мөн говийн бутлаг мод “Хотир”-ын үндсээр монгол шатар хийж бас мэргэ төлөгийн чулуу засч урлах, гэрийн шагай харвах болон хамж авах зэрэг ардын элдэв тоглоомд их авьяастай байв. Хуучин найрын уртын дуу олныг мэддэг, дуулдаг бөгөөд сум, нутагтаа уртын дууны сайн дуучин хэмээгдэж явжээ. Уртын болон ардын богино дуу цуглуулж говь нутгийн 30 гаруй дууг судлах, хувилан тараах, хуулбарлан олшруулж түгээж, зааж сургаж явсан гэдэг. Түүнчлэн хулсан лимбэ, хуучир, морин толгойт хуур зэрэг үлээх буюу утсан хөгжмийг сайн тоглодог, урлан бүтээх ажлыг дэмжигч байжээ.
Их говийн гэж нэрлүүлж алдаршсан Мэйрэн Дорж, ардын хувьсгалын эхний үед оргодол Гамин цэрэгтэй тэмцэх ажлыг сум орон нутагтаа зохион байгуулж буу зэвсэг бүхий шударга ардуудыг түшиглэн “Нутгийн сайн дурын баг цэрэг” үүсгэн санаачилж ард иргэдээс дээрэмдсэн 4000 гаруй адуу, 5000 гаруй тэмээг Гамин, Хуйхуу (хар Хятад) нараас буцаан авч эздэд нь өгсөн [Өмнөговь аймгийн хураангуй түүх (2).1991он.122тал] гавьяатай хүн. Хачиг, Хөрхийн уул (Шанхын говь)-ын зүүн үзүүр хуурай сайрын урт гэдэг газар Хиагтад ялагдан буцаж зугтах замдаа яргалах, хот айлыг дээрэмддэг бүлэг гаминтай Б.Дорж удаа дараа тулалдаж яваад нөхдийн хамт баригдаж улайсгасан төмрөөр хайруулж явсан. Б.Доржийн хүчээр амьд үлдсэнээ Цагаандүү (Номгон сум), Лосол, Адъяа(Цогтцэций сум) нар дурссан байдаг. Б.Дорж өөрийн төрж өссөн “5-н толгод (одоогийн Таван толгой)”-ын шатдаг чулуу гэж гурван уут [Тэмээн шуудай] нүүрсийг Богд хаан Жибзүндамба хутагтад сонин болгож хүргэж өгсөн түүх нь өдгөө ч хууч ярианд домог болж үлдсэн нь уламжлагджээ. Богд хаант Монгол Улс, автономит засгийн үед ч Б.Дорж нь Монголын төрд алба хашиж Гадаад Явдлын Яаманд түшмэл, говь нутгаас хувьсгалын дараа ардын[шинэ] төрд үргэлжлэн ажилласан анхны сэхээтэн нь гэгдэж явлаа.
34 насандаа Б.Дорж тамгын таван түшмэлд олгох “Мээрэн”-ий цолд хүрч төрийн албан тушаалд үргэлжлэн сонгогдож ажилласан Монгол төр, нийгмийн зүтгэлтэн юм. Бүгд найрамдах улсын анхдугаар он (1924)-д Б.Цэрэндорж [Ба Лин Бао] Ерөнхий сайдын үед шинэ Монгол улсын Сангийн сайдаар ажиллаж, 1924 онд Их хуралд Сангийн Яамны сайдын илтгэл хэлэлцүүлсэн хүн байв. МАА-г шинжлэх ухаанжуулах үндсийг тавьсан ахмад судлаач, “Малчнаа сануулах эрдэм [1936]” нэртэй хоёр дэвтэр номыг тэрээр Б.Дорж бичиж Монгол малчдадаа үлдээсэн хүн. Дахин хэвлэл нь хожим их анд явсан залуу Ж.Самбуу [“Малчдад өгөх зөвлөгөө”]-гийн алдраар тараагдсан юм. Дорж мэйрэн судлаач, зохиолч сэхээтэн хүн. Б.Дорж “Шинэ хуучин хэмжүүрийн тухай”, “Өн, зудын тухай үгүүлэл” танин мэдүүлэх үгүүллүүд, “Заяатын шунал, Зүтгэлтийн бодол”, “Төлөг, туулай, чоно гурвын үлгэр” зэрэг бичгийн үлгэр, “Эртэй уургач Эрэндоо[Цогтцэций сумын 1940 оны үеийн адуучны сэдвээр]” бичил найраглал хэвлүүлэв. Эдгээр бүтээл, нэн ялангуяа “Зохиогчийн үлгэр” төрлөөр бичсэн олон зохиол нь хэвлэгдэж, улмаар говь нутгийн уншигчдын дунд түгэн хадаглагдсан юм.
1931 онд Ж.Самбуу, монгол орны ногоон газарзүйг хийсэн Орос эрдэмт Симуков [Сэмэнхүү] нарын хамт Далан [гийн] задгай голын зүүн дэнжийг сонгон одоогийн Даланзадгад хотын шав босголцож, хэлсэн үгэндээ ДОРЖ МЭЙРЭН “Энд өмнөд хөрш [БНХАУ]-ийг гайхшруулсан сайхан хот босно” хэмээн ерөөсөн үг нь өдгөө улсын архивт хадгалагдан үлджээ.
Амьдралын сүүлийн жилүүд буюу 1937 оноос зохиомол(хэлмэгдэл) хэргээр хоригдсоны дараа 1943 он хүртэлх 10-аад жилд Манж, Түвэд, Хятад хэлний мэдлэгээ дагаж ШУХ-ийн толь зохиох тасагт ажиллаж байгаад 65 насандаа тэнгэр болов. 1960 онд Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгалын комиссын70-р тогтоолооор 22 насандаа 1900 оноос Манжийн эсрэг С.Дамдинсүрэн, чин ван Ханддорж, сайн хоён хан Намнансүрэн, хатанбаатар Магсаржав нарын адил хошуу цэргийн захирагч болж, улмаар Богд хаант засгийн цэргийн захирагчийн мэйрэн цолоо хадгалж, түүгээрээ нэршсэн хүн явжээ. Гадаад явдлын яамны дэд түшмэл, хүндэт дипломатч, Мал аж ахуйн сайд, МУ-ын Сангийн Яамны сайд(1923-24), Монголч эрдэмтэн, Спортын сурын анхны мэргэн их говийн мэйрэн Б.Доржийг цагаатгаж, түүний дурсгалыг хүндэтгэж 2022 онд хөшөө (баримал)-г нь босгосон юм. Тэрээр гүн Гомбожав, зохиолч Д.Нацагдорж, академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай нэгэн цагт (1940-өөд онд) хамт Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу [Цэций хайрхан, Баян-Овоо нутаг]-ны нэрт эрдэмтэн МЭЙРЭН Дорж гэгдэж хүндлэгдсэн хүн байлаа. Түүний бичиж, хамтран боловсруулсон “Монгол хэлний тайлбар толь[хожим нь 1966 онд Я.Цэвэл нэрээрээ хэвлэгдсэн]” нэртэй бүтээл архивт байдаг байсан гэж эрдэмтэн, Мандалын говийн гэж өөриөгөө ярьдаг Х.Лувсанбалдан гуай судалгааны ажлын явцад, говь чигийн хүний хувьд бид мэдэж байх хэрэгтэй гэж надад дурссан удаа бий. Дорж мээрэн нь Батнасан[үр сад Сосорын Юрагийнхнаас Цогт-Овоод бий], Батмөнх [хүүхдүүд нь Ербиш, Энэбиш, Тэрбиш], Цэрэнханд [Германд суралцсан анхны оюутан], Цэрэнпил [БИЛ гэлцдэг, ЛИЛА нь өхөөрдлийн хоч] гэсэн охид өсгөсөн. ДАЛАНГИЙН доод дэнж болон Борзон, Зэрэглээ зэрэг нэртэй хөрслөг говь газарт тариа туршин тарьж тухайн ОРДОС нутгаас 8 тогоо будааг авчирч, “Ордос” хочтой н:ЭРДЭНЭ гэгчтэй хоёулаа өндөр ургац авсан тухай домогт яриа Далангийн гол нутагт нь үлдсэн байдаг. 20-р зууны эхний он жилүүдэд эхлүүлсэн Б.Дорж мэйрэний тариаланы сэдвээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Эрэнжидийн ХАРХҮҮ,
“Мэйрэн Доржийн тариалан найгаж байсан хөндийд
Мэргийн шоо шиг тэвхийсэн цагаан барилгууд ярайж” гэж шүлэглэсэн (“Алтан говь”.1969 он) нь өмнийн говийн сургамжит, хичээнгүй өвгөдийн нэг болох Б.Дорж мэйрэнгээ говь нутгийн үе, үеийнхэн марталгүй өнөд дурссаар байдгийн илрэл болж чадсан шүлэг юм.
1921 оны тахиа жилийн хавар Ар хиагтаас зугатаасан гамин [Хятад] цэргийн түйвээний эсрэг тэмцэж, говь нутагт малчин эрчүүдээр, гэр бүлийн “БАГ ЦЭРЭГ” санаачлан зохион байгуулж тэдэнтэй тэмцэж явсан [партизан шахуу үнэлэгддэг] хүн бол Б.Дорж мэйрэн. Мөн “Харилцан туслалцах хоршоо” сонины эрхлэгчээр Б.Дорж давхар ажиллаж байв. Б.Дорж 1924 оны 2 сарын 29-нд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Гурван сайхан уулын хошууг хэдэн [гурван] сум болгож хуваах үед хошуу дарга Б. ДОРЖ нь тухайн ЦОГТ сум (одоогийн Цогтцэций)-ыг харьяалсан засаг баригчаар ажиллаж, сумандаа Европын боловсон эмнэлгийг хөөцөлдөж анхны Орос эмч [Маквеев]-ийг урьж авчирснаар түүний байрласан эмнэлгийн төв нь “Докторын аман ус” нэртэй болж үлдсэн нь Цогтцэций сумын нутагт тэр нэрээрээ одоо нэрлүүлсээр байгаа газар юм.
Хүрмэнг занги М.Түдэвманчиг, Хонгор сумыг данги Сэнгэдорж, Сэврэйд Юндэн нар сонгуульт алба хашсаныг гэрчлэх баримтууд бол Б.Дорж орон нутгийн удирдлагад он удаан ажилласан үеийн түүхийг гэрчилдэг архивийн хөмрөг юм. 1931 онд ӨМНӨГОВЬ аймаг байгуулах бэлтгэл ажлын [аймгийн анхны дарга , хожмын АИХ-ын дарга Ж.Самбуугийн хамт] турш Ж.Самбуутай хамт хүчин зүтгэсэн гавьяатан бол Б.Дорж мэйрэн юм. Даланзадгад хотын хөгжил мэйрэн Б.Доржийн ерөөснөөр хөгжиж байна.
ДАНЗАННОРОВЫН ХҮҮ
[Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МУБИС-ийн доктор профессор, зохиолч судлагч]
(2025.04.07)
Сэтгэгдэл ( 0 )