ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Өнөөдөр 2023.06.28. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Украинд Үндсэн хуулийн өдөр бол Казахстанд Холбоо, мэдээллийн салбарын ажилчдын өдөр.

Энэ өдөр Америкийн бизнесмен, инженер, SpaceX, Тесла моторс компанийн CEO Илон Маск, Оскарын шагналт  жүжигчин Кэти Бейтс, Францын хөлбөмбөгч Фабьен Бартез, Германы физикч, Нобелийн шагналт Клаус фон Клитцинг, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Со Жү Хён зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Норвегийн “Норж” хөлөг онгоц живж, 635 хүн амиа алдсан нь XX зууны хамгийн том ослын нэгд тооцогддог.

1911 оны энэ өдөр Египетийн Нахлад 10 кг солир унажээ. Энэ солир Ангараг гарагт ус байгааг баталсан юм.

1914 оны энэ өдөр Сараевод Австрийн хаан ширээ залгамжлагч Франц Фердинандын амь насанд халджээ. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтаг болсон юм.

1989 оны энэ өдөр Киев хотод Украины нэрт хөлбөмбөгч Олег Блохины зодог тайлах ёслол болж, Зөвлөлтийн шигшээ баг Дэлхийн шигшээ багтай тогложээ.

1997 оны энэ өдөр мэргэжлийн боксчин Майк Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг хазан тасалж, дуулиан тарив.

2018 оны энэ өдөр Японы бейсболын манга “Докабэн” 46 жил үргэлжилсний эцэст дуусжээ.

Энэ өдөр үс засуулвал Эрч хүч ихэснэ.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top