
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рио Тинто” компанийн төлөөлөлтэй уулзаж, уг уулзалтын үеэр гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая.
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүлж чадсан сайн мэдээг манай Засгийн газар дуулгаж байсан. Өнөөдөр эхний 100 хоногийн босгон дээр Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор бууруулж чадлаа.
Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна.
Хоёрдугаарт, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутам эргэн харж, хэлэлцдэг болгож чадлаа.
Гуравдугаарт, энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллахаар тохиролцож чадлаа.
Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )