ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Өнөөдөр 2023.03.16. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 07 цаг 06 минутад мандлаа. 18 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -18 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Литвад Номын хулгайтай тэмцэх өдөр бол Латвид Легионы өдөр юм.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Марио Загалло, армян гаралтай Америкийн эмч, физикч, соронзон резонансын томографыг зохион бүтээгч Реймонд Ваган Дамадьян, Хятадын шатарчин, дэлхийн аварга Жу Чэнь, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы хөлбөмбөгч Патрик Херрманн, Америкийн сагсан бөмбөгч Блейк Гриффин, Английн хөлбөмбөгч Тео Уолкотт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1964 оны энэ өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж, эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юанийн эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлжээ.

2000 оны энэ өдөр Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргажээ.

2010 оны энэ өдөр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2013 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр Хятадын Ардын чөлөөлөх арми Вьетнамын хилийг давж эх нутаг руугаа буцжээ. Ингэснээр Вьетнам-Хятадын дайн дуусжээ.

2014 оны энэ өдөр Крымийн хойг бүх нийтийн санал хураалтаар ОХУ-ын бүрэлдэхүүнд оров.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top