НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны гол цөм нь энгийн иргэдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах явдал байдаг. Тэгвэл мөргөлдөөн, шилжилт хөдөлгөөн, байгалийн гамшигт нэрвэгдсэн Өмнөд Судан улсын Юнити (Unity) мужийн төв Бентиу хотод үүрэг гүйцэтгэж буй Монгол, Пакистан, Вьетнам улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын Хүндэт медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Бентиу хотод ажиллах үеэрээ НҮБ-ын Өмнөд Судан дахь (UNMISS) Хүчний командлагч, Хошууч генерал Жунхуй Ву хүнд хэцүү нөхцөл байдалд иргэдийн амь насыг авран хамгаалж, энх тайвныг тогтооход жинтэй хувь нэмэр оруулж буй нийт 776 энхийг сахиулагчид (үүнээс 100 нь эмэгтэй алба хаагч) медаль гардуулсан байна.

Уг арга хэмжээний үеэр Хошууч генерал Жунхуй Ву энэ оны 3 дугаар сард Абиемном (Abiemnhom) бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх үеэр Монголын батальоны дайчдын үзүүлсэн шуурхай хариу арга хэмжээ, эр зоригийг онцгойлон сайшаалаа.
Монголын цэнхэр дуулгатнууд мөргөлдөөний бүсээс дүрвэсэн энгийн иргэдийг НҮБ-ын баазад аюулгүй нүүлгэн шилжүүлж, тэдэнд яаралтай тусламж үзүүлсэн юм.
Хүчний командлагч Хошууч генерал Жунхуй Ву "Та бүхэн маш идэвхтэй, үр дүнтэй арга хэмжээ авч, орон гэргүй болсон гэр бүлүүдэд яаралтай хоргодох байр бэлдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Түүнчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудын аюулгүй байдлыг тасралтгүй хамгаалж чадсан нь энхийг сахиулах ажиллагааны жинхэнэ бодит жишээ байлаа" хэмээн онцгойлон үнэлсэн юм.
Үүний хариуд Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны захирагч хурандаа Н.Бат-Эрдэнэ үйл ажиллагааны хүнд нөхцөл байдал болон бие бүрэлдэхүүн цөөрсөн хэдий ч дайчид өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж байгааг илэрхийлэв.
Өмнөд Суданы Юнити мужид аюулгүй байдал алдагдах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер усны гамшиг тохиох зэрэг хүмүүнлэгийн хямрал үргэлжилсээр байгаа энэ үед манай энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг амин чухал хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )