МҮХАҮТ Индонезийн худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллана

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

МҮХАҮТ Бүгд Найрамдах Индонез Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KADIN)-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нaрийн бичгийн дарга Б.Саруул, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван болон Индонезийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хамтын ажиллагааны хорооны дарга Харри Варганегара тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар талууд Монгол, Индонезийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой салбаруудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Индонезийн тал хөдөө аж ахуйн салбар, ялангуяа Монгол Улсаас халал стандартын үхрийн мах импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нүүрсний олборлолт, уул уурхайн менежментийн чиглэлээр Индонезийн туршлагаас суралцахын зэрэгцээ эмийн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэлтийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо.

Үүнээс гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хоёр танхим хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хоёр байгууллагын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл, холбоодын хамтын ажиллагааг хөгжүүлж, цаашид харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд хоёр танхимын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түншлэлийг баталгаажуулсан бөгөөд МҮХАҮТ-ын зүгээс энэхүү харилцааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гүүр болон ажилласан Монгол Улсаас Индонез Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top