БЗД: Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

 

Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудлуудыг танилцуулах, шийдвэрлэх үүднээс Засаг дарга Н.Баярмөнх өнгөрсөн онд холбогдох сайд нарыг урьж ажиллуулсан. Үүний үр дүнд тодорхой асуудлууд шийдвэрлэгдсэн.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа болон нийслэлийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт ажиллаж байна.

 

 

Энэ үеэр Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Баянзүрх дүүрэгт 2022 онд болон энэ онд хийгдэх төсөл хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдээллийг танилцуулсан. Баянзүрх дүүрэг нь нийт 410 мянга гаруй хүн амтай бөгөөд иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудал байна. Тухайлбал хөрөнгө оруулалтын хоцрогдол Сонгинохайрхан дүүрэгтэй харьцуулахад 581 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол 2016-2020 оны тоо баримт. Үүнээс шийдэл хүлээсэн олон ажил өнгөрсөн хугацаанд хэрэгжих чадаагүй гэдгийг харж болохоор байгаа юм.

2022 онд Баянзүрх дүүрэгт 25км авто зам, 2400 гэрэлтүүлэг, 21 байршилд тохижилтын ажил, 15 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулах ажил хийгдсэн бол энэ онд “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”, 10 дугаар хороонд “Экстрем талбай”, “Кино урлагийн гудамж”, “Арилжааны гудамж” төслийн хүрээнд бүтээлч гудамжнуудыг бий болгох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

 

 

Танилцуулгын дараа Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд тодорхой ажил зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

 

  • Угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах төслийн хүрээнд 150 блокийг дулаална. Үүнээс 50 блокийг дулаалах ажлыг Баянзүрх дүүрэгт хийнэ.
  • Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
  • Хороо бүрд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
  • Орчны цэвэрлэгээг чанаргүй хийдэг, ил задгай бие засдаг, бохир орчинд үйл ажиллагаа явуулдаг гэдэг шалтгаанаар дүүргийн 1300 гаруй иргэнээс ТҮЦ-тэй холбоотойгоор гомдол ирсэн. Тиймээс энэ төрлийн зөрчил гаргаж байгаа ТҮЦ-ийг нүүлгэхэд анхаарна гэдгийг уулзалтын хэлсэн.

 

 

Мөн хороодод тулгамдаж асуудлын талаар хороодын засаг дарга нар Улаанбаатар хотын ерөнхий менежерт уламжиллаа. Эдгээр асуудлуудыг цаашид шийдвэрлэж ажиллахад анхаарна гэдгийг хэлсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2022, 2023 оны төсвийн тодорхой хувийг авто замын ажилд зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл дүүрэг, орон нутгийн зүгээс Засгийн газар, Нийслэлээс барьж буй бодлогыг дэмжиж ажиллаж байна. Цаашид иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, иргэндээ ээлтэй дүүрэг болгох ажлыг дэмжиж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежерээс хүслээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (64.119.25.17) 2023 оны 01 сарын 31

Тэрбум барилга гэсэн бодлоготойг мэднэ шүү.

0  |  0
Top