
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдааны шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Б/84 тоот захирамжаар И.Баттөгсийг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томиллоо.
Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс хэлэхдээ аж ахуй нэгж болон баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хамтран зүтгэх болно гэлээ.
Тэрээр БНХАУ-ын Хэбэй их сургуулийг Олон Улсын эрх зүйч, Өвөр Монголын их сургуульд Хууль зүйн магистраар суралцаж төгссөн. Мөн эдийн засагч, санхүүгийн менежмент, төрийн захиргааны менежментээр тус тус суралцаж төгссөн.
И.Баттөгс нь 2009 оноос эхлэн төрийн албанд ажилласан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан. Таван жилийн хугацаанд дүүргийн төсөв санхүүгийн асуудлыг хариуцсан учир асуудал бүрийг мэдэх туршлагатай.
2025 оны 3 дугаар сараас УИХ-ын Тамгын газарт Гишүүний зөвлөх, 2025 оны 06 дугаар сараас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилогдлоо.


Сэтгэгдэл ( 0 )