ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Өнөөдөр 2023.01.05. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -25 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын бойскаутын өдөр. АНУ-д Үндэсний шувуу хамгаалах өдөр, Энэтхэгт Гобинда Сингх гуругийн мэндэлсэн өдөр, Беларуст Нийгмийн хамгааллын ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Таж Махалыг бариулсан Шах Жахан, Германы анхны холбооны канцлер Конрад Аденауэр, аюулгүй сахлын татуургыг зохион бүтээгч Кинг Кэмп Жиллет, Оскарын шагналт жүжигчин Роберт Дювал, сюрреалист зураач Ив Танги, рок хөгжимчин, дуучин Мэрилин Мэнсон, Холливудын жүжигчин Брэдли Купер зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1728 оны энэ өдөр Хаванын их сургууль байгуулагджээ.

1769 оны энэ өдөр Жемс Уатт уурын хөдөлгүүртэй машиндаа патент авав.

1914 оны энэ өдөр “Ford Motor” компани ажлын найман цагийн хуваарь, өдрийн ажлын хөлсний доод хэмжээг таван ам.доллароор тогтоож, нэмэлт урамшуулал олгох журмыг нэвтрүүлж байжээ.

1933 оны энэ өдөр Сан Францискод алдартай Golden Gate гүүрийн барилгын ажил эхлэв.

1956 оны энэ өдөр Зөвлөлтийн анхны Өмнөд туйлын цогц экспедиц Өмнөд туйлд буужээ.

1993 оны энэ өдөр “MV Braer” газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц осолдож, 84 700 тонн газрын тос асгарч байжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвидна.

Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Бага хүйтэн болох улирал 23 цаг 35 минутад эхэлнэ.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.    

             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top