Өнөөдөр 2023.01.03. Энэ жилийн 3 дахь өдөр ба он дуустал 362 хоног үлдлээ.
Монгол эх оронд маань нар 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 11 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 19 хэм хүйтэн, шөнөдөө -31 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын бие, сэтгэлийн эрүүл мэндийн өдөр тохиож байгаа бол АНУ-д Аляска мужийн төрт ёсны өдөр, Японд Тамасесери баяр, Буркина Фасод Хувьсгалын өдөр, Индонез улсад Шашны хэргийн яамны өдөр, Эстонид Чөлөөлөх дайны дайчдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Бутанд Тахилын баяр тэмдэглэж байна.
Энэ өдөр Ромын агуу уран илтгэгч, гүн ухаантан Марк Туллий Цицерон, “Бөгжний эзэн” зохиолыг зохиосон Жон Роналд Руэл Толкин, “Intel” корпорацыг үүсгэн байгуулсан инженер Гордон Мур, “Формула-1” ангиллын дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер, дэлхийн арван удаагийн аварга, Японы гимнастикч Кохэй Учимүра, “Blackpink” хамтлагийн гишүүн Ким Жи Сү, экологийн төлөө тэмцэгч Грета Тунберг нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:
1777 оны энэ өдөр Америкийн генерал Жорж Вашингтон Принстоны тулаанд Британийн генерал Лорд Корнуоллисыг ялав.
1870 онд Бруклины гүүрийг барьж эхэлжээ.
1888 оны энэ өдөр АНУ-ын зохион бүтээгч Марвин Стоун соруулыг патентлуулав. Тухайн үед соруулыг цаасаар хийдэг байжээ.
1924 онд эртний Египетийн фараон Тутанхамоны бунхныг нээснээс хойш хоёр жилийн дараа Британийн экспедиц бунхны гол эрдэнэс болох фараоны чулуун авсыг илрүүлэв. Чулуун авсыг нээхэд дотор нь фараоны занданшуулсан шарил бүхий алтан авс байжээ.
1959 онд Аляска муж АНУ-ын 49 дэх муж болов.
1977 оны энэ өдөр “Apple” компанийн анхны компьютер үйлдвэрлэгдэв.
1994 онд Эрхүү орчим “Ту-154” онгоц осолдож, бүх 116 зорчигч, багийн есөн гишүүн амиа алджээ.
2004 оны энэ өдөр Египетийн “Flash Airlines” компанийн “Boeing 737-3Q8” Улаан тэнгист осолдож, 148 хүн амиа алдав.
2018 онд Хятадын “Chang'e 4” хөлөг түүхэнд анх удаа сарны харанхуй талд зөөлөн буулт хийв.
2020 оны энэ өдөр АНУ Багдадын нисэх онгоцны буудалд цохилт өгсний улмаас Ираны генерал Касем Сулеймани амь үрэгджээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )