
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ АВИРМЭДИЙН БАЯЖИХ
(1939-2022 он)
Миний ээж Авирмэд овогтой Баяжих нь 2022 оны12 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.
Ээж маань 1939 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ.
1946-1953 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн сургууль,
1954-1956 онд «Багшийн сургууль»,
1957-1960 онд “Багшийн Их Сургууль”-ийг “Түүх газарзүйн багш”,
1960-1968 онд 3-р сургуульд багш,
1969-1975 онд хотын Сургалт заах арга зүйчээр,
1975-1983 онд 60-р сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр,
1983-2005 онд 52-р сургуульд бага ангийн эрхлэгчээр, нийт боловсролын байгууллагад 50 гаруй жил ажилласан.
Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд ажиллаж байх хугацаандаа улирсан сурагчидтай анги авч, амжилттай төгсгөсөн учир Монголын Багш нарын 3 дугаар Их Хуралд Төлөөлөгчөөр сонгогдон оролцсон.
Ээж маань Сургалт заах арга зүйн кабинетад ажиллаж байхдаа газарзүйн олимпиадыг санаачлан, анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж явуулсан бөгөөд одоо энэ олимпиад улсын хэмжээнд тогтмол явагддаг болжээ. Мөн түүх, нийгмийн хичээлээр Улаанбаатар хотод анхны АСК явуулах, бага ангийн сургалтын түвшингийн өсөлтийн хэмжээ гаргаж, улиралд нэг удаа ахицыг дүгнэх зэрэг олон ажлыг санаачлан эхлүүлж байлаа. 1980-аад оноос “Сэдвийн иж бүрэн боловсруулалт”, “Хамтын хичээл”, “Хоёртын систем”, “Хяналтын графико” нэртэй туршлагуудыг хот хөдөөгийн багш нарт үзүүлэх, туршлага солилцох ажлыг гол болгож байсан.
52 дугаар сургуульд ажиллаж байхдаа "Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх арга зам", 1999 оноос 1-5 дугаар ангийн "Монгол хэл", 1-5 дугаар ангийн "Математик”-ийн хичээлээр стандартын дагуу хянах, хөгжүүлэх сэдвүүд" зэрэг 10 орчим ном бичиж, сургалтанд ашиглаж байсан ба эцэг,эх хүүхэд багачуудын дунд “Баяжихын ном” нэрээр олон түмний дунд нэрлэгдэж заншсан билээ.
Төр Засгаас ээжийн маань хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж "Улсын тэргүүний багш", Социалист уралдаанд манлайлагч, 5 дугаар таван жилийн гавшгайч, Ардын боловсролын тэргүүний ажилтан", БСШУЯ-ны "Жуух бичиг", 1979 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”,1985 онд “Алтангадас одон”,1989 онд “Хянан Шалгахын Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1989 онд Ажилчны районы хүндэт тэмдэг, 1991 онд “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон”, Ардын Хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Боловсролын байгууллагын 80,90 жилийн ойн медаль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар зарлигаар “Монгол Улсын Гавьяат Багш" цол хүртсэн нь Хан-Уул дүүргийн анхны “Гавъяат багш” цолтон юмаа.
Ээж минь та Монголын ирээдүй болсон олон мянган хүүхэд багачуудад эрдмийн анхны шанг татахад нь эрдэнэт сургаалиа хайрлаж, залуу багш сурган хүмүүжүүлэгч нарыг сургалт заах арга зүйд сургах, ажлын туршлагатай шилдэг багш нарыг бэлтгэх, төлөвшүүлэн хүмүүжүүлэх, бага ангийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд хичээнгүйлэн ажиллаж ирсэн байна.
Ерөнхий боловсролын сургуульд анги даасан багш хийж байгаагүй ч дунд сургуулийн төгсөгчдийн хайр хүндлэлийг нь хүлээсэн, ухаалаг, хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн, уйгагүй хөдөлмөрч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд оршиж дурсан санагдах болно.
Ээж минь та хөх тэнгэрийн орондоо тайван нойрсдоо
Ум сайн амгалан болтугай.
Гэр бүл,үр хүүхэд, ах, дүү төрөл төрөгсөд.

Сэтгэгдэл ( 1 )
Ум сайн амгалан болтугай .\nХичээлийн эрхлэгчээ ч хийхийн зэрэгцээ газарзүйн хичээлээ зааж байсан. Хүүхэд болгоны хайртай хичээл нь орох өдөр цагийг хүүхэд болгон хүлээдэг багш байсан. Хичээлээ заах цагаасаа өмнө дуусгаж чадвал тухайн үедээ шинэ уран зохиолын ном уншиж өгдөг учир хүүхдүүд анхааралтай томоотой сууж хичээлээ заалгаад номоо өмнөх хичээл дээр уншиж зогсоосон газраасаа үргэлжлүүлэн уншуулдаг,ямарч хүүхдийг үглэж загнадаггүй ёстой гоё багш байсан юм