Өнөөдөр 2022.12.23. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -18 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Шведийн хатан Сильвия, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Висенте Дель Боске, Болгарын яруу найрагч Илко Димитров, Францын Тэргүүн хатагтай асан, топ модель, дуучин Карла Бруни, Америкийн жүжигчин Анжела Жонс, Шотландын хөлбөмбөгч Кенни Миллер, Унгарын хөлбөмбөгч Балаж Джуджак, Оросын уран гулгагч, Европын аварга Дмитрий Козловский зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1876 оны энэ өдөр Османы эзэнт гүрний анхны Үндсэн хуулийг баталжээ.
1953 оны энэ өдөр ЗСБНХУ-д Л.П.Берия, В.Н.Меркулов, Б.З.Кобулов, С.А.Гоглизе, П.Я.Мешик, В.Г.Деканозов, Л.Е.Влодзимирский нарыг бууджээ.
1954 оны энэ өдөр Америкийн мэс засалч Жозеф Мюррей, Хартвелл Харрисон нар түүхэнд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгасан байна.
1972 оны энэ өдөр Андын нуруунд сүйрсэн онгоцноос 73 хоногийн дараа 16 хүнийг аварчээ. Тэд амьд үлдэхийн тулд амиа алдсан зорчигчдын цогцосноос идсэн байсан аж.
1979 оны энэ өдөр Зөвлөлтийн дайчид Кабулыг эзэлжээ.
1990 оны энэ өдөр Словен Югославаас тусгаар улс болох тухай бүх нийтийн санал асуулгаар иргэдийн 95 хувь нь Югославаас тусгаар болохын төлөө саналаа өгчээ.
2008 оны энэ өдөр Гвинейд төрийн эргэлт болов.
Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.
Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )