ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Өнөөдөр 2022.12.22. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -10 хэм, шөнөдөө -22 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Армен, Беларус, Киргиз, Орос, Украинд Эрчим хүчний ажилтны өдөр.

Энэ өдөр Молдавын Ерөнхийлөгч асан Николае Тимофти, Германы хөлбөмбөгч, дасгалжуулагч Бернд Шустер, Их Британийн жүжигчин, кино найруулагч Рэйф Файнс, Италийн хөлбөмбөгч Жузеппе Бергоми, Мексикийн хөлбөмбөгч Луис Эрнандес, Францын жүжигчин, дуучин, фотомодель Ванесса Паради, Португалийн хөлбөмбөгч Жозе Фонте, Эдер, Рафаэл Геррейру зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1966 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны УТТ-ноос Өмнөд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай тогтоол гаргажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1603 оны энэ өдөр I Ахмед Османы эзэнт гүрний шинэ захирагч болжээ.

1885 оны энэ өдөр Ито Хиробүми Японы анхны Ерөнхий сайд болов.

1944 оны энэ өдөр Япон улс Вьетнамыг булаан эзлэхийг эсэргүүцэх зорилготой Вьетнамын Ардын Арми үүсгэн байгуулагджээ.

1976 оны энэ өдөр “Ил-86” онгоцны анхны туршилтын нислэг болсон байна.

1989 оны энэ өдөр Берлиний Бранденбургийн хаалга 28 жилийн дараа дахин нээгдэж, БНАГУ, ХБНГУ-ын нэгдлийг тэмдэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Өвлийн туйл болох улирал 6 цаг 35 минутад эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top