Өнөөдөр 2022.06.06. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр НҮБ-ын Орос хэлний өдөр. Тайваньд өнөөдөр Инженерүүдийн өдөр бол БНСУ-д Солонгосын дайнд амиа алдсан хүмүүсийг дурсах өдөр, Украинд Сэтгүүлчдийн өдөр, Боливд Багш нарын өдөр тохиож байна.
Өнөөдөр Английн жүжигчин Аманда Пэйс, Америкийн рок гитарчин Стив Вай, Аргентины зохиолч Федерико Андахази, Америкийн жүжигчин Винсент Янг, Алтан бөмбөрцөгийн хоёр удаагийн эзэн Пол Жаматти зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1933 оны энэ өдөр Нью-Жерси мужийн Кэмден хотод автомашинаасаа гаралгүйгээр кино үздэг анхны кинотеатр нээгджээ.
1937 оны энэ өдөр анхны мөсөн дээрх станц болох “Хойд туйл-1” нээгдсэн байна.
1949 оны энэ өдөр “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагджээ.
1985 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгчтэй сансрын хөлөг “Союз Т-13” хөөрөв.
1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний тушаалаар Москва хотын даргаар Юрий Лужковыг томилжээ.
Мөн оны энэ өдөр Панамын Дарьенд “Boeing 737” онгоц осолдож, 47 хүний амь үрэгджээ. Энэ нь Панамын түүхэн дэх томоохон ослуудын нэг юм.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Буудай боловсрох улирал 00 цаг 56 минутад эхэлнэ.
Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )