Өнөөдөр 2022.06.01. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа, 20 цаг 43 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 9 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тунист өнөөдөр Ялалтын өдөр бол Багамын арлуудад Хөдөлмөрийн өдөр, Камбожид Мод тарих, Кенид Эрх чөлөөний, Палауд Ерөнхийлөгчийн, Самоад Тусгаар тогтнолын өдөр.
Өнөөдөр Австралийн жүжигчин, поп дуучин Жейсон Донован, Германы супер модель Хайди Клум, Канадын дуучин Аланис Мориссетт, Венесуэлийн фото модель, 2008 оны Ертөнцийн мисс Дайана Мендоса, Их Британийн жүжигчин Том Холланд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 оны энэ өдөр Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулагдсан “Хүүхдийн төв номын сан” нээгджээ.
2004 оны энэ өдөр Хятад Улсын ӨМӨЗО-ны Бугат хотын ган төмрийн зураг төслийн судалгааны ерөнхий газар Монгол Улсын Улаанбаатар хотноо хүн амын хэт төвлөрлийг зохицуулах төсөл боловсруулан Улаанбаатар хотноо гэрээ байгуулжээ. Азийн хөгжлийн банкнаас зээл олгосон “Дулааны байгууламж” төсөл нь Монгол Улс дахь дулааны эрчим хүчний байгууламж дотор хамгийн том байгууламжийн төсөл юм.
2011 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгох 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны хооронд байгуулах ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргах болсон байна. Энэхүү 500 сая ам.долларыг мах, хуурай сүү боловсруулах үйлдвэр, гурилын үйлдвэр, үр тарианы элеватор байгуулах, бага оврын трактор худалдан авахад зарцуулах юм.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )