ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өнөөдөр 2022.04.28. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 05 цаг 40 минутад мандлаа, 20 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Афганистанд энэ өдөр Афганы ард түмний ялалтын өдөр бол Барбадост Үндэсний баатруудын, Японд Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Альба, Мэри Макдоннел, Нэнси Ли Гран, Брижит Мойнахан, Францын сансрын нисэгч Леопольд Эйартц, Шведийн хоккейч Никлас Лидстрём, Аргентины хөлбөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне, Испанийн жүжигчин, Оскарын шагналт Пенелопа Круз зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаагаа олгож байв. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1964 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр Италийн удирдагч асан Бенито Муссолини, түүний эхнэр Клара Петаччи нарыг цаазаар авчээ.

1952 оны энэ өдөр Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдаж, Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дуусжээ.

1969 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзав.

1978 оны энэ өдөр Афганистанд төрийн эргэлт гарчээ.

Энэ өдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top