Өнөөдөр 2022.02.21. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 07 цаг 48 минутад мандлаа, 18 цаг 23 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -24 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр.
Энэ өдөр Америкийн зохиолч Чак Паланик, Австрийн уулын цаначин, олимпын хоёр удаагийн аварга Петра Кронбергер, Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лав Хьюитт, Францын жүжигчин Мелани Лоран, Их Британийн жүжигчин Таппенс Миддлтон, Софи Тёрнер, Канадын жүжигчин Эллиот Пейж, Кубын боксчин, олимпын хоёр удаагийн аварга Арлен Лопес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1930 оны энэ өдөр МАХН-ын VIII Их хурал хуралдав. 201 төлөөлөгч оролцсон тус их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаарх намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, энэхүү бодлого, шугамын асуудал дээр “Зүүний” нугалааг лавшруулсан зарим “ноцтой” алдааг засаж, дүгнэлт хийв. Улсын дотоодын улс төрийн янз бүрийн нугалаа завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл өрх хил даван нүүж, дүрвэх явдал газар авчээ. Дүрвэлтэд бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30 мянга орчим хүн хамрагдсан байна.
2014 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1885 оны энэ өдөр Вашингтонд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулсан хөшөөний нээлт болжээ.
1916 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн цус урсгасан томоохон ажиллагаа болох Вердений тулаан эхэлжээ.
1935 оны энэ өдөр Москвад ЗСБНХУ-д анх удаагаа олон улсын кино наадам болжээ.
1961 оны энэ өдөр одоогийн РИА Новости агентлаг үүсгэн байгуулагджээ.
Энэ өдөр үс засуулвал өлсөж ундаасна.
Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Харин сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )