Хүүгээ аврахын тулд гэртээ лаборатори байгуулж, эм бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Хятадын нэгэн жижиг онлайн дэлгүүрийн эзэн өвчтэй хүүгийнхээ амь насыг аврахын тулд  бие даан хими, генийн судалгаа хийж, эм, бэлдмэл хийжээ.

“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, Юньань мужийн Кунминь хотын оршин суугч Шю Вэйн хоёр настай хүү Менкесийн эмгэг гэх ховор өвчин тусжээ. Энэ эмгэгийн үед эсийн зэс тээвэрлэх үйл ажиллагаа алдагддаг ба ийм оноштой хүн гурваас дээш жил амьдардаггүй байна.

Дунд сургуулийн боловсролтой Шю Вэй эмнэлэгт хийсэн хүүгийнх нь эмчилгээ үр дүн хүрээгүй бөгөөд эмчилгээнд нь хэрэгтэй зэсийн гистипин амин хүчил олдохгүй байсан тул өөрөө эм, бэлдмэл бүтээхээр шийджээ. Үүний тулд тэрбээр эхлээд нэгэн химийн компанитай холбогдож, зэсийн гистидин амин хүчил хийлгэх захиалга өгсөн ч маш өндөр өртөгтэйгөөс гадна зохих зөвшөөрөл авахад олон жил шаардагдахаар байжээ. Тиймээс тэр өөрөө хими судалж эхэлсэн байна. Ингэхдээ Шю Вэй АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлүүдээс мэдээллээ олж авдаг байжээ. Англи хэл мэдэхгүй учир тэрбээр орчуулгын программ ашигладаг байсан гэнэ. Үүний зэрэгцээ  хэд хэдэн их сургуулийн нээлттэй дамжаанд бүртгүүлж, эм зүй судалж хэлсэн байна. Удалгүй Шю Вэй гэртээ 3100 ам.долларын өртөг бүхий химийн лаборатори байгуулж, эм бүтээж эхэлжээ. Өөрийн гараар бүтээсэн зэсийн гистидинээ эхлээд туулай, дараа нь өөр дээрээ амжилттай туршсаны дараа хүүдээ хийжээ. Үр дүнг нь баталгаажуулж, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тэрээр хүүгээ эмнэлэгт шинжилгээнд оруулдаг байна. Дараа нь тэр Менкесийн эмгэгийн үер хэрэглэдэг элескломол гэх бэлдмэлийг мөн гарган авч, туулай болон өөр дээрээ туршсан байна. “Бүтээсэн эм, бэлдмэлүүд хүүг минь эдгээгээгүй ч биеийн байдал нь улам муудахаас сэргийлж чадсан” гэж Шю Вэй ярьжээ.

Түүний хоёр настай хүү бие даан хөдөлж, ярьж чаддаггүй ба зөвхөн шингэн хоол иддэг байна. Шю Вэй генийн салбар дахь судалгаанууд хожим нь түүний хүүг бүрэн эдгээж чадна гэж найдаж байна. Харин өөрөө их сургуульд орж, генийн инженерчлэлийг судлахаар бэлдэж байна.

Орон нутгийн эрүүл мэндийн хороо Шю Вэй зөвхөн хүүгийнхээ төлөө эм, бэлдмэл бүтээж, олонд худалдаагүй тул хариуцлага тооцохгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin D(202.126.90.95) 2021 оны 10 сарын 17

Эцэг хүн ийм л байх ёстой.

2  |  0
Цо(66.181.161.60) 2021 оны 10 сарын 17

Мундаг аав бэ хурдан эдгээрэй рүү минь

2  |  0
Top