Шахмал түлшний нөөц 200 мянган тонн хүрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

Сайжруулсан шахмал түлшээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Удахгүй утааны улирал эхэлнэ. Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдол үүсгэж байгаа гол шалтгаан болж байна. Тэгвэл Засгийн газраас өнгөрсөн онд нийслэлийн утааг бууруулах зорилгоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоол гаргаж, энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, одоогийн байдлаар 200 мянган тонн шахмал түлш нөөцөлжээ. Бид энэ талаар сурвалжлахаар “Таван толгой түлш” ХХК-ийг зорилоо.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 504 цэг байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 91 цэг нь борлуулалт хийж байгаа бол 108 цэгт гэрээ хийгдсэн байгаа аж. Үнийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3,750 төгрөгөөр тогтоожээ. Илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасаж агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон байна.

Шахмал түлшийг түүхийгээр нь хэрэглэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсийг үйлдвэрийн зориулалтаар угааж баяжуулан бутлуур руу оруулж, жигд хэлбэрт барьж бэлтгэдэг байна. Түлшийг чийг болон салхинаас хол тусгай горимд хадгалдаг. Учир нь сайжруулсан шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагын дараагаар боловсруулдаг байна. Гол үйл явц нь хатаагчид явагддаг бөгөөд тортогтой утааг нь сорж, доор нь тортгийг шүүн цэврээр гарч, гарсан хаягдлаа дахин ашигладаг байна. Мөн шахмал түлш нь галыг урт хугацаанд шатах, нэмэх болон багасгах тохиргоог хийж болдгоороо гол онцлогтой гэж “Таван толгойн түлш” ХХК-ийн ажилчид хэлж байв.

НЭГ ӨРХ ГУРВАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДАЖ АВАХ ЭРХТЭЙ

Сайжруулсан шахмал түлшийг “Сайн” картаар худалдан авах ба картыг энэ сарын 15-наас эхлэн иргэдэд тухайн хороогоор нь дамжуулан олгоно. Мөн нэг өрх хүйтний улиралд гурван тонн шахмал түлш хэрэглэх судалгаан дээр үндэслэн нэг картаар гурван тонн шахмал түлш худалдаж авах юм байна. Өмнө нь нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 600 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

“Таван толгойн түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Батсуурь “Манай компани сайжруулсан түлшээрээ агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулах зорилготой ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн дунд “Энэ компани сайжруулсан түлшээрээ хэрэглээг бүрэн хангаж чадах болов уу” гэсэн эргэлзээ байна. Манай үйлдвэр нэг жилд сая тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай учир битгий санаа зов гэж хэлмээр байна. Бид одоогийн байдлаар 200 мянган тонныг нөөцөлчихсөн байна. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 504 цэг байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ гэрээт борлуулагч болох хүсэлтэй иргэд олон байгаа учир нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

huuli durem jurman deeree hatuu bj l utaani asuudlig shiidverlene,ard irged ch niitiinhee toloo demjij bga

1  |  0
Top