ЧУУЛГАНЫ ТАНХИМ НИЙГМИЙН АСУУДЛААР АМЬСГАЛСАН ДОЛОО ХОНОГ

2016 оны 11 сарын 05

Монгол бахархлын өдөр тохиож бүх нийтийн амралтын өдрөөр эхэлсэн энэ долоо хоногт улс төрийн хүрээнд орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүн маргаантай хэвээр үлдэж, санал хураалтын хар машинд цаасан “царцаа” үүрлэсэн тухай мэдээлэл олныг цочирдууллаа. АН-ын “Нэг ардчилал” фракц тарж, намын дотоодод нь задрал болон нэгдэл нэгэн зэрэг явагдаж байгааг ажиглагчид онцолж байна. Тус намын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл С.Зоригийн гэх хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон тухай мэдээлэл ч олны анхаарлын гадна байсангүй.  

УИХ дахь АН-ын бүлгээс “Мэргэжлийн засгийн газар 100 хоногт мэлхийн хурдаар ажилласан” гэсэн үнэлгээг өгсөн бол, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 ба 51 хувийг эзэмшигчид хамтран хуралдсан тухай дуулиан энэ долоо хоногийн онцлох үйл явдал болон тодорч байна.  

Улс орны олон чухал асуудлыг шийдэж буй УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар нийгмийн асуудалд түлхүү анхаарсан шийдвэрүүд дэмжигдэн батлагдаж, ирэх долоо хоногт хэлэлцэгдэх асуудлууд ч тодорч байна. Ингээд УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэгдсэн гол асуудлуудыг тоймлон хүргэе.

 

 Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдэнэ 

Энэ долоо хоногт болсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж.

Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа аж. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байгаа юм байна.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг: уг хуулийн төсөл нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.

Хууль санаачлагчийн зүгээс улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй гэж тооцож байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37,962.0 сая төгрөг шаардагдана. Үүний 31,107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1,296.0 саяыг ажил олгогчоос, 5,558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан. Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм хэмээн тайлбарлаж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг хуулийн төсөл нь олон хүүхэд төрүүлж асарсныхаа төлөө ажилласан жил бага, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хоцорсон олон мянган эхчүүдийг төрөөс дэмжсэн  чухал алхам боллоо гэж байсан бол, УИХ-ын гишүүн М.Билэгт малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар энэ салбарт бодитой дэмжлэг болох төдийгүй, залуусыг малчин болгох хөшүүрэг нэмэгдэх болно хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.

 

491.6 мянган хүн хуулийн үйлчлэлд хамрагдана

НББХ-ны хуралдааны төгсгөлд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх, нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөө үзүүлэх аж. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой арга хэмжээ болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлдэг гэсэн үг. Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжжээ. 

  

Чуулганы танхим нийгмийн асуудлаар амьсгалав

Пүрэв, Баасан гарагт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, улс орны эдийн засаг, нийгмийн асуудлыг амжилттай шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлийг баталгаажуулж чадлаа.

Холбогдох байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдсэн асуудлуудыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж хүүхэд багачууд, ахмад насны нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд багагүй цаг хугацааг зарцуулсан юм. Чуулганы хуралдаан дээр Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй. Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухайд Төрийн албаны тухай хуулийн заалтыг тэр чигээр нь сэргээж байгаа гэж Засгийн газраас бидэнд хэлсэн. Хүүхдийн мөнгийг эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод 2015 онд 40 хувьд нь олгохгүй гэж байсан. Харин МАН-аас энэ мөнгийг бүх хүүхдэд олгохоор шийдсэн. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламжийн хэлбэрээр дансанд нь хийж өгөхөөр болсон гэж хариулж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Наад тайлбарыг чинь хүүхдүүд ойлгохгүй, харц нь их хурц болж байна. Би саяхан 5 аймгийн 10 гаруй суманд ажилласан” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "2015 он хүртэл Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож ирсэн. 2016 оны төсвийн тухай хуульд 7 дугаар сарын 1 хүртэл олгоно гэж баталсан. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа улсын төсөвт тодотгол хийж шийдэх УИХ-ын тогтоолын төслийг та бид хамтдаа баталсан. Гэтэл одоо та нар, та нар гэж дайраад байх юм. УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа, өмнөх УИХ, Засгийн газрын үед гишүүн байсан хүмүүс бүгд л энэ тогтоол шийдвэрт оролцсон шүү дээ. Хоёрдугаарт, 2014-2015 оны асуудлыг сөхөж байгаа бол тэр үеийн эдийн засаг, сангийн бодлогыг тодорхойлж байсан хүмүүс бидний дунд сууж байна. Өмнөх дөрвөн жил рүүгээ хамаг буруугаа чихсэн, өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” болгож харуулах гэсэн оролдлогоо одоо болих хэрэгтэй" гэлээ.

 

Ахмадууд жилд хоёр удаа мөнгөн дэмжлэг авна

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив. Үүний дараа Төсвийн хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Эдгээр саналууд нь Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн юм.

Тухайлбал, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар - Цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

Хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан, тэднийг өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг бууруулахаар тусгагдан байв. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчдад нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.4 хувь нь дэмжив.

Түүнчлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоохоор боллоо.

 

Хүүхэд харах үйлчилгээний төсөвт 5,8 тэрбум төгрөг тусгав

Ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь  дэмжив.

Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.

Төсвийн орлого бууруулах чиглэлээр ажлын хэсгээс Өвөрхангай аймгийн 2017 оны төсвийн суурь орлогыг 621.6 сая төгрөгөөр, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хувиар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50.0 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр, Спортыг дэмжих болон Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4,000.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47,993.4 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Түүнчлэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэхэд ажлын хэсгээс зургаан санал гаргасан юм. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 92,816.1 сая, Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9,462.4 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд тус тус дэмжигдэв. Мөн Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төслийн нэгжийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах урсгал зардал 205.9 сая төгрөгийг төсөлд тусгах, Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмэх саналууд ч гишүүдийн олонхийг дэмжлэгийг авлаа.

Төсвийн тэнцлийг сайжруулахаар ажлын хэсгээс Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329,688.7 сая төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулах, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахгүй болсонтой холбоотойгоор хүүгийн орлогыг 4,700.0 сая төгрөгөөр бууруулах саналуудыг гаргасан юм. Эдгээр саналуудыг гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хавдар судлалын үндэсний төвд сити томографын аппарат худалдан авч суурилуулах зардалд 1,600.0 сая, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж,

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ

УИХ-­ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-­ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/­-ийг дэмжсэнээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болж байгаа юм.  Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэлэхдээ тэрбээр "Авлигатай тэмцэх газрынхан байгаа дээр нэг зүйл хэлмээр байна. Авлигыг ажиглаад байхад хоёр төрлийн байх шиг байна. Нэг нь шуналдаа хөтлөгдсөн, нөгөө нь авсан цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй тэр тохиолдолд авлига авах нь ажиглагдаж байна. Жишээ нь цагдаа нар 600 мянга төгрөгийн цалин авдаг. Ард нь 2-3 хүүхэд, эхнэр нь бага хүүхдээ хараад гэртээ байдаг. Гэтэл авдаг цалингийн тал нь өмнөх өр зээлэндээ зарцуулагдаж,  дөрвөн хүн 300 мянган төгрөгөөр амьдрах асуудал үүсэж байгаа юм. Энэ мөнгөөр дөрвөн хүн яаж сар тэсэж гарах юм бэ? Авлига ярихын хажуугаар мөн төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг нэмэх, амьдралд хүргэх тал дээр бодлого оруулж ирэх хэрэгтэй. Үүн дээр анхаарч ажиллаасай" гэв. 

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, “Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолон гаргаснаар тухайн улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь байхад тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй байдал хангагдана гэж үздэг. Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д дэвшүүлсэн эрүүл мэндийн зорилтуудад хүрэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Ийнхүү олон асуудал шийдлээ хүлээж байна. Асуудлыг шийдэж, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллах нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн хийх ёстой ажил, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг нь юм.

Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top