Халамжийн орон гэж нэрлэгдэх болсон манай улс 2008-2012 оны хооронд сар бүр хүний хөгжил сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг олгож байсан бол энэ зургадугаар сард сүүлийн удаа олгогдох юм. Энэ хугацаанд хүний хөгжил сангийнхаа 21 мянган төгрөгийг тодорхой шалтгааны улмаас авч чадаагүй иргэд байдаг. Тэгвэл тухайн хүн Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол 21 мянган төгрөгөө нөхөн авах боломжтой гэнэ. Учир нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол хүний хөгжил сангаас тухайн нэр дээр данс үүссэн байдаг аж. Иймд дансанд нь байршчихсан, бичиг баримтын зөрчилгүй бол нөхөн олгогдох юм. Энэ сарын хүний хөгжлийн мөнгө Сангийн яамнаас санхүүжилт орж ирвэл 20-ноос өмнө олгох боломжтой гэж Хөдөлмөр халамжийн газраас мэдээллээ.
Иргэд сар бүр 21 мянган төгрөг аваад хэвшчихсэн, ядуус олон байгаа тул хүний хөгжлийн сангаас олгогдож байсан мөнгө үгүйлэгдэх олон айл, өрх олон бий. Иймд нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй зорилтот бүлэг буюу ядуу өрхүүдэд тэтгэмж олгож эхэлнэ. Зорилтот бүлгийг тодорхойлохдоо олон улсад өргөн хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалаар гаргаж ирэх юм. Үүний тулд 650-иад мянган өрхөөс 400 мянган өрхөд нь судалгаа хийжээ. Энэ сарын 25-наар энэ судалгааны дүн гарч Засгийн газраас тус судалгаанд үндэслэн ядуурлын шугам татах юм. Шугамаас доогуур жагссан зуугаад мянган өрхөд энэ тэтгэмжийг олгоно. Тэтгэмж олгох журам НХХЯ дээр санал авах түвшинд явагдаж байгаа бөгөөд ирэх 7-р сарын нэгнээс Засгийн газраас батлагдаж 8, 9-р сараас олгогдож эхлэх ажээ. Ингэж олгохдоо долдугаар сарынхыг нөхөн олгох гэнэ. Хүний хөгжил сангийн мөнгө хүн бүрт олгогддог байсан бол энэ тэтгэмж өрхөд олгогдох юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )