УИХ-ын ээлжит чуулган Баасан гарагт /2025.12.12/ хуралдаж Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсан. Тухайн өдөр Оюутолгойн сонсгол гээд үүнийг анхаарч, анзаарсан хүн цөөн. Хэлэлцээрийн дүнд 367 нэр төрийн барааг гаалийн тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу хөнгөлж, чөлөөлөх юм. Үүнд Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн байна. Эхлээд энэ тоо 375 байж байгаад буурч 367 болсон нь энэ. Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан улсад нийлүүлж, дээрх улсууд манайд мөн тооны нэр төрлийн барааг нийлүүлнэ. Монгол Улс нь бүх төрлийн барааны импортын татвар 5% байдаг. Харин ЕАЭЗХ-ны улсуудын экспортын татвар 15-20% байдаг аж. Манайхаас экспортлох боломжтой үхрийн мах гэхэд л 50%, ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 8-13% байдаг. Түр гэрээ байгуулснаар эдгээр татварууд тодорхой хэмжээнд хөнгөрнө.
Хууль хэлэлцэж байхад “сайхан” судалгаа хийсэн. “Ерөнхий тэнцвэрийн загвар” тооцооллын дагуу хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ 0.02%, хөрөнгө оруулалт 2.57%, Евразийн эдийн засгийн холбоонд хийх экспорт 24.1% өсөх боломжтой гэж заасан.
Одоо бодит байдлыг тогтож харъя. Манай улсын хувьд 2024 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудад 110.1 сая ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа импортолсон нь худалдааны баланс алдагдаж байгааг харуулж байгаа юм. ЕАЭЗХ-ны орнуудад Монгол Улсаас эъкспортолж буй бараа нийт экспортод сүүлийн зургаан жилийн хугацаанд нэг орчим хувийг эзэлж байгаа бол импортод 25-30 орчим хувийг эзэлж байна. Гэвч үүнээс анхаарах нэг зүйл бий. ЕАЭЗХ-ны орнуудаас авч буй Монгол Улсын нийт импортын 95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна.
Нөгөөтээгүүр хэлэлцээрт Монгол Улсын импортын архины гаалийн 40 хувийн тарифыг тэглэхээр тусгасан. Ингэснээр ОХУ-аас импортолдог архи 95 орчим хувиар нэмэгдэхээр байна. Түүнчлэн ЕАЭЗХ-ноос Монгол Улсын талаас гаалийн тарифыг “0” болгох санал оруулсан 375 нэр төрлийн барааны 73.6 хувь буюу 276 бараа импортын харьцангуй давуу талтай, түүнээс 227 барааг сүүлийн таван жилийн 3-аас дээш жилд тогтмол импортолжээ. Саяхандаа Оросын нэгэн цахим хуудас дээр Оросын шинэ тутам үйлдвэрлэж дарсыг Улаанбаатарт нийлүүлэх болсон тухай мэдээ гарав. Нийлүүлэлт сайн байвал хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдээллээ төгсгөсөн байна лээ. “Фанагориа” гэх энэ дарсыг өнгөрсөн жилд Хятад, Казахстан, Беларус, Узбекистан зэрэг улсуудад 800 мянган шилийг борлуулсан бөгөөд энэ жилээс эхлэн Израиль руу нийлүүлэх болж.
ЕАЭЗХ-ны орнуудаас авч буй Монгол Улсын нийт импортын 95-аас дээш хувь нь зөвхөн ОХУ-д ногдож байна.
Яахав худалдааны хэлэлцээ гэдэг нь том агуулгаараа гоё л доо. Гэхдээ хөрсөн дээрээ буувал “муухай”. Учир нь бид уул уурхайгаас өөр салбар нь хөгжөөгүй. Хөдөө аж ахуйн салбар нь нийт экспортод жин дардаггүй. МУИС-ын судлаачдын тооцоолсноор аж үйлдвсарийн импорт 100% өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг тодотгосон. Тэрчлэн хөдөө аж ахуйн салбар 4.3% буурах тооцоолол ч бий.
Хоёр том хөрш маань биднийг ил, далд аль ч хэлбэрээр тулгасаар ирсэн. ШХАБ-д элс гэсэн. Бид ажиглая гээд татгалзсан. ТУХН-т гишүүнээр элс гэсэн. Үгүй ээ гээд татгалзсан. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад гишүүнээр элс гэсэн, эелдэгээр татгалзсаар өнөөг хүрсэн. Олон удаа татгалзсан Монгол Улс түр нэртэй бүр гэрээ байгуулах замаа ийнхүү заслаа. Энэ гэрээнд элссэн улс рублиэр худалдаа хийх ёстой. Олон санхүүгийн “СВИФТ” системээс ОХУ-ыг гаргасан учраас худалдаа хийхэд хүндрэлтэй болно. Тийм ч учраас хамтын худалдааг хөнгөвчлөхийн тулд Монгол Улсад ОХУ-ын банкны салбар байгуулъя гээд Ерөнхий сайдын айлчлалаар ярилцсан шүү дээ. Үүнийг “гуравдагч хөрш” тодорхойлолтод багтдаг барууны улс орнууд сайнаар хүлээж авахгүй. Төслөө гацаана, биднийг тоохоо болино. Ардчиллын баянбүрд нь харин аажмаар ширгэх эрсдэл одоо гарч ирлээ. Үүнийг нь харин тоож байгаа дарга битгий хэл дорго ч алга...

Сэтгэгдэл ( 0 )