
Энэ оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 13-нд Австри улсад амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсаас "Star Dance", "Moon Dance" хамтлагууд оролцож, гурав болон дөрөвдүгээр байрт тус тус шалгарчээ.
"Star Dance" хамтлагийн хувьд бүжгийн аяа Д.Даваахүүгээр хийлгэдэг бол дэглэлтээ өөрсдөө хийдгээрээ олны анхаарлыг ихээр татдаг. Дэлхийн хэмжээнд өндөр зэрэглэлийн латин бүжиг дэглэдэг цөөхөн дэглээч бий. Тэдгээрийн нэг нь тус хамтлагийн амин сүнс болсон бүжиг дэглээч Д.Батсайхан, Н.Онондарь нар юм. Тиймдээ ч тэдний бүжигт Монгол гэх омогшил, эх орноороо бахархах бахархал нэвт шингэдэг гэхэд хилсдэхгүй.

Монгол хүний сэтгэлгээнээс төрөн гарсан үзүүлбэрээр үзэгчдээ баясгасан тус хамтлагийн дасгалжуулагчаар Дэлхийн гурван удаагийн аварга бүжигчин Н.Онондарь ажилласан.
Н.Онондарийн хувьд Дэлхийн 11 удаагийн аварга Герман улсын "Grün-Gold" хамтлагт бүжиглэж байсан туршлагатай нэгэн. Тус хамтлагт бүжиглэж байхдаа гурван удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож хамтлагаараа нэгдүгээр байр эзэлж байсан тэрээр хамгийн анх "Star Dance"-с дэлхийн аваргын тэмцээнд явж байсан нэгэн.
"Star Dance" хамтлагийн хувьд 2010 онд Ази тивээ төлөөлөн хамгийн анх ДАШТ-д оролцож хагас финалд үлдэж байсан бахдам түүхтэй хамтлаг. Уг үйл явдлаас хойш ДАШТ-д оролцох баг тамирчдын үүд хаалга нээгдэж, алтан босго тавьсан юм.
2024 оны ДАШТ-д тус хамтлаг дөрөвдүгээр байрт шалгарч, "Финалын цом"-ын эзэд болсон. Тус тэмцээнд оролцсон "Монгол хийморь" бүжгийн бичлэг "World Dance Sport Federation" юүтүб хуудаснаа байршсанаас хойш хамгийн өндөр хандалт авсан бичлэгээр шалгарсан түүхтэй.
Тус бүжгийг бүжиг дэглээч Д.Батсайхан Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан дэглэсэн бөгөөд дэлхийн тавцан дээрээс эх орноо ийнхүү сурталчилсан билээ.
Энэ жилийн хувьд тэд мөн л бүжгийн аяа өөрсдөө шинээр бичүүлж, дэглэлт болон найруулгаа өөрсдөө хийжээ. Тиймдээ ч "Стар" хамтлагийн үзүүлбэр олон нийтийн зүгээс хүлээлт өндөртэй байсан үзүүлбэрүүдийн нэг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )