Монголын “Үнэнч мөнх андууд” холбооноос зохион байгуулсан “Тэмээн жингийн цуваа. Бүхнийг фронтод” төслийн хүрээнд Горно-Алтайн (Уулын Алтайн) Улсын Их Сургуульд Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Зөвлөлт, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нэгэн баатарлаг түүхэн үйл явдалд зориулсан үзэсгэлэнг нээв. Германы фашизмаас Эх орноо хамгаалж байсан Зөвлөлтийн цэргүүдэд тусламж үзүүлэх сайн дурын хөдөлгөөн Монгол Улсад дайны эхний өдрөөс өрнөсөн юм. Монгол Улсын Ховд аймгийн иргэд фронтод илгээх бэлгээ Зөвлөлт Холбоот Улсад хүргэхийн тулд 1200 тэмээ бүхий жингийн цуваа бүрдүүлж, тэмээ бүрт 200 кг ачаа ачиж бэлдсэн байна. Нийт 240 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан энэхүү жингийн цувааг 107 монгол хүн дагалдаж 1942 оны есдүгээр сард аяны замд гарчээ.
Тэр жил цас эрт унасан, онцгой хатуу өвөл байв. Зөвлөлт, Монголын хилийн Цагааннуураас эхлэн бараг өдөр бүр цасан шамарга тавьж, шуурч байв. Нойтон цас жинчдийн нүүрийг шилбүүрдэж, халтиргаатай замд тэмээнүүд бүдэрч унан, ачааг нь хэдэн удаа буулгаж дахин дахин ачих шаардлагатай болж, ихээхэн бэрхшээлийг учруулж байсан. Замын хамгийн хүнд, бартаатай хэсэг нь ЗХУ-ын Ойротын автономит мужийн нутаг дахь Чуйскийн хөндийгөөр дайран өнгөрөх, Катунь мөрнийг гатлах, мөн Чике-Таман давааг даван туулах явдал байв. Тэмээнүүдийнхээ халтиргаатай зам туулахад нь зориулан жинчид гар хийцийн “гутал” хийж, туурайг нь нэхий болон эсгийгээр ороож, брезент, арьсаар тусгай оймс шиг бүрээс хийж өгдөг байжээ. Замд тааралдсан нутгийн иргэд ачаа барааг нь буулгаж ачих, халтирч буй тэмээнүүдийг замын илүү аюулгүй хэсэгт хөтөлж гаргах, тэмээнүүдийг халтирахаас хамгаалж өмсөж явсан дээл хүрмээ тайлан мөсөн дээр дэвсэж гатлуулахаас гадна жинчдэд хоол унд бэлтгэж өгч, норсон хувцсыг нь хатааж өгөх зэргээр үргэлж тусалж дэмжиж байсан байна. Тэд асар хүнд хэцүү замыг туулж, ЗХУ-ын Бийск хотод хүрч, Зөвлөлтийн ард түмэнд тусламж хүргэх энэхүү эрхэм хүндтэй үүргээ амжилттай биелүүлэв. Нийтдээ 230 хоногийн турш 2700 гаруй километр зам туулж, 1943 оны тавдугаар сард төрөлх Ховд аймагтаа буцаж иржээ.

Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын нэрэмжит музейн захирал Д.Амартайван уг үзэсгэлэнг Оросын зочдод танилцууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Уулын Алтайн Улсын Их Сургуулийн нэгдүгээр проректор Н.В.Гусельникова болон тус сургуулийн аялал-соён гэгээрүүлэх төвийн удирдагч В.Г.Бабин нар Аугаа ялалтын өдрийг ойртуулахын төлөө өөрсдийгөө үл хайрлан зүтгэсэн хүмүүсийн дурсгалыг дахин хүндэтгэх боломж олгосон монгол анд нөхөддөө талархал илэрхийлэв.
Эх сурвалж: ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам

Сэтгэгдэл ( 0 )