Бондайн эрэгт халдлага үйлдсэн аав, хүү хоёр хэн бэ?

Б.Сэцэн | Zindaa.mn
6 цагийн өмнө

Австралийн түүхэнд тохиож байгаагүй цуст халдлагыг аав, хүү хоёр үйлдсэн гэж цагдаа нар мэдэгдсэн. Нийт 15 хүний аминд халдаж, 27 нь эмнэлэгт хүргэгдсэн энэ халдлагыг үйлдсэн тэд чухам хэн байв.

Халдлага үйлдсэн аав нь цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бол хүү нь хүнд шарх авч эмнэлэгт хүргэгдээд байна. Дээрх хоёр этгээд хоёул Исламын улс бүлэглэлд үнэнчээр зүтгэх тангараг өргөсөн, үнэнч сүсэгтнүүд байжээ.

Аав, хүү хоёр

Австралийн ABC телевизийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүдийг 50 настай Сажид Акрам, 24 настай Навид Акрам гэж мэдээллжээ. Сажид Акрам гэгч нь 1998 онд оюутны визээр тус улсад ирээд 2001 онд байнга орших суух виз авсан. Хүү нь болох Навид Акрам нь Австралид төржээ. Хүү нь анх 2019 онд Австралийн тагнуулын байгууллагын хараанд өртсөн байна. Тухайн үед түүнийг орон нутгийн шашны байгууллагуудтай холбоотой эсэх, ямар нэгэн байдлаар бусдыг айлган сүрдүүлж, заналхийлж байсан эсэхийг тагнаж байсан аж. Тагнуулын байгууллагын олж тогтоосноор Навид Акрам нь Австралид террорист халдлага үйлдсэн хэргээр долоон жилийн хорих ял сонссон Исаак эль Матаритай “ойрын холбоотой” байжээ. Энд дурдагдсан Матари гэгч нь тухайн үед өөрийгөө Австралийн Исламын улс бүлэглэлийн командлагч гэж өөрийгөө зарлаж байв. Чухам иймийн учир дээрх этгээд эхэлж элсэн ормогцоо эцгийгээ уруу татсан байж болзошгүй байна.

Исламын улс бүлэглэл анх Ирак, Сирид төвлөрч байсан бол цаашлаад дэлхий даяар иргэдийн эсрэг халдлага үйлдэх олон улсын террорист байгууллага болж хувирсан юм. Хамгийн хор хохиролтой халдлага нь 2015 онд Парист болсон халдлагад 130 хүн, 2024 онд ОХУ-ын Крокус концертын танхимд болсон халдлагад 145 хүн амиа алдаж байлаа. Халдлага болсон даруйд Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн байдаг.

Галт зэвсгийн лиценз

Халдлага үйлдсэн этгээдүүд Бондайн эргийн жижиг гүүрэн дээрээс урт буугаар гал нээсэн бололтой. Хэргийн газрын үзлэгээр гэмт этгээдүүдийн машинаас хэд, хэдэн гар хийцийн тэсрэх төхөөрөмж олджээ. Халдлага үйлдэхдээ гэмт этгээдүүд тус бүр гурав, нийт зургаан галт зэвсэг ашигласан. Зургуулаа хууль ёсны эзэмшлийн гэрчилгээтэй байжээ. Сэжигтнүүдийн харьяалагддаг Шинэ Өмнөд Уэльс мужид тухайн иргэн ан агнуур хийхийг хүсч буй амьтны төрөл, ан хийх шалтгаан, хэдэн тоогоор агнахаа тодорхой бичвэл ан агнуурын зорилгоор галт зэвсэг эзэмших нь нээлттэй байдаг байна.

“Энгийн л хүмүүс”

Гэмт этгээдүүд Сидней хотын баруун өмнөд захын Бонниригг дүүрэгт амьдардаг байв. Энэ дүүрэг нь халдлага болсон газраас ердөө нэг цаг хүрэхгүй зайд оршдог. Халдлага болохоос хэдэн долоо хоногийн өмнө тэд халдлага болох газраас 15-20 минутын зайтай газарт жижиг буудал түрээслэсэн байна. Халдлага үйлдсэн этгээдүүдийн эхнэр ээж болох эмэгтэй өнгөрөгч ням гарагийн өглөө загас барихаар явлаа гэж хэлээд гарсан гэж мэдүүлжээ.

Бонниригг дүүрэг нь ажилчин ангийнхан амьдардаг, газар, газраас ирсэн олон хэлийн хүмүүс аж төрдөг газар байж. Нутгийн оршин суугчид Акрамын гэр бүлийг найрсаг, нийтэч гэдгийг онцлоод “энгийн, маш энгийн хүмүүс байсан” гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top