Төр төсөв хүндэрсний ачааг татвар төлөгчдөд үүрүүлнэ!

Б.Болорсүх | Zindaa.mn
3 цагийн өмнө

Төсөв хүндэрчээ. Данхар төр татвар төлөгчдөө л “гөвнө”. Гөвөхдөө аж ахуйн нэгжүүдэд шалгалт нэмэгдүүлнэ. Үлдсэн жаахан татварыг төлөөгүй гэх шалтгаанаар дансыг нь хаана. Сүүлийн хэдэн жилийн байдаг л нэг дүр зураг. Үүнийг төсөв мөнгөний гайхалтай бодлого гэж Сангийн сайд нь сайрхаж суугаа. Татварын нэр төрөл, татварын хэмжээ нэмэгдээд л байдаг. Төсөв тэр хэмжээгээр данхайгаад л байдаг. Улс орон хөгжсөн юм байхгүй утаатай нийслэлдээ “алалцсаар” байна.

Яг одоогийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгч бий. Үүний 26% буюу 72.6 мянган нь 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй гэж Татварын ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Одоо үүнээс нэг зүйлийг анзаараарай. Өртэй 72.6 мянган татвар төлөгчийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн татварын өртэй байна. Дээр дурдсанаар төсөв хүндэрсэн учраас татварын байгууллага хоёроос дээш жил хуримтлагдсан өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлжээ. Хуулийн дагуу шат дараатай арга хэмжээ авна. Энэ нь нэг ёсондоо шат дараалан дарамтална л гэсэн үг.

Яг одоогийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 265 мянган татвар төлөгч бий. Үүний 26% буюу 72.6 мянган нь 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй

Сангийн сайд Б.Жавхлан нэг мэргэн үг айлдсан. “Цөөн тооны томоохон, тэр дундаа Төрийн өмчит компаниуд төсвийн орлогыг бүрдүүлж байгаа” гэж. Ангараг гарагийнх биш бол дэлхийн бүх улс оронд л ийм байдаг. Иймээс томоохон компаниудаа дэмжих замаар жижиг компаниа бойжуулдаг юм. Гэтэл манайд яадаг билээ. Татварын орлого бүрдүүлж байгаа компаниуд нь сонгуулиар аль, аль намынх нь нэр дэвшигчдэд мөнгө хандивлаад халаасны хэдтэй болоод авна. Бүр болоогүй төрийн томоохон төслүүдэд гар, хөлөө дүрнэ. Дүрээд зогсохгүй өөрсдөдөө ашигтай хууль батлуулна. Хуулиар хуйвалдаад зогсохгүй жижгүүдийн хийдэг бүх бизнесийг атгандаа авна. Ингэхээр жижиг, дундууд бойжихгүй байгаа юм. Бойжихгүй байгаа учраас төсөв хүндрээд байгаа юм.

Төсөв хүндэрч байгаагийн гол шалтгаан нь данхар төрийн, “мэргэн” сайд нар. ААН-үүдийн татвараа төлөхгүй байгаа гол шалтгаан нь цаад системдээ гэдгийг хүний нийгмийн хэдэн үе өнгөрч байж ойлгохыг “Балхаа ах” бид хоёр таашгүй. Тоо өөрөө баримт гэдэг. Ганцхан тоо хэлье. Өнгөрөгч 2024 нд 17 их наяд төгрөгийн татварын орлого төсөвт төвлөрчээ. Үүний 60 орчим хувийг нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн байна. Түүнчлэн Татварын ерөнхий газар энэ онд 18 их наяд төгрөгийг татварт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийн орлого төвлөрч, 86.3% гүйцэтгэлтэй байгаа. Төсөв хүндэрч байгаагийн цаад шалтгаан нь нүүрсний үнэ буурсантай холбоотой. Тийм ч учраас татварын орлого оны эцэст 700 орчим тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл байгаа юм. Тэгэхээр байна аа, татвар төлөгчдийн асуудал биш байгаа биз.

Өртэй 72.6 мянган татвар төлөгчийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн татварын өртэй

Үүнтэй эсрэгцэх нэг зүйл нь төсөв томорсоор байгаа шалтгаан. Төсвийн урсгал зардал 2020 онд 10.8 их наяд төгрөг байлаа. Үүнээс хойш тогтмол хоёр их наядаар нэмэгдэж байгаад, 2023 онд 17 их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг нь олон улсын санхүүгийн байгууллагууд ч огцом шүүмжилсээр байлаа. Гэвч 2024 оны төсвийн урсгал зардал 22.2 их наяд төгрөгт хүрч, улмаар 2025 оны урсгал зардал 29.6 их наяд төгрөгт хүрч түүхэн амжилтаа тогтоож байв. УИХ-аар баталсан 2026 оны төсвийн урсгал зардал 32.98 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Ирэх оны төсөвт урсгал зардал ийнхүү нэмэгдсэн нь багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, ахмад настны тэтгэвэр нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг нэмэгдүүлж тооцсонтой холбоотой.

Ерөнхий сайд томилогдох бүрд татвар төлөгчдөө анхаарна гэж сайхан ярьдаг. Худлаа боллоо...

Гаднын улс орнууд төсвийн урсгал зардлыг тогтмол байлгахын тулд санхүүгийн сахилга бат, хяналт, урт хугацааны төлөвлөлт, институцийн тогтолцоог чухалчилдаг. Ялангуяа Өмнөд Солонгос улс төрийн байгууллагуудын зардлыг хянах нээлттэй цахим платформ ажиллуулж, сар бүр тухайн байгууллагуудад тайлан мэдээлэл хүргэж байдаг онцлогтой. Өмнөд Солонгосын парламентын төсвийн байнгын хороо нь урсгал зардлыг хянах бие даасан бүтцийн хэлбэрээр ажилладаг байна.

Уншигч та нэг зүйлийг ойлгосон бол Монголын төр төсөв хүндэрсний ачааг татвар төлөгчдөдөө үүрүүлнэ. Ерөнхий сайд томилогдох бүрд татвар төлөгчдөө анхаарна гэж сайхан ярьдаг. Худлаа боллоо, сайд нарын сайхан үг цээжинд нь л үлдэнэ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top