Монголын сонгодог урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээж, авьяасаараа олондоо танигдаж яваа дуурийн дуучин Э.Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр намайг уулзахаар очиход удахгүй тайзнаа тавигдах Дж.Вердийн “Травиата" дуурийн дүрээ бэлтгэж байв. Түүнийг уншигчид М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож дэд байрт шалгарснаар нь таних биз ээ.
-Сонгодог урлагт хөл тавьсан үеэ дурсвал?
-Би цэцэрлэгт байхаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Сургуульд ороод урлагийн үзлэгийн дууны аварга болж, найрал дууны дугуйланд орсон. Тухайн үед Д.Лувсаншарав багшийн нэрэмжит найрал дууны уралдаан болдог байлаа. Манай сургууль тэр тэмцээнд оролцож нэлээд хэдэн түрүүг нь авсан. Гэхдээ нэг хэсэг дуулахаа болиод сургуулийнхаа сагсан бөмбөгийн дугуйланд хичээллэж үзсэн. Аравдугаар анги хүртлээ сагс тоглосон ч дуучин болохоор шийдсэн юм. Намайг төгсдөг жил сургууль дээр УДБЭТ-ын дуучид ирж сонгодог урлагийг сурталчлах өдөрлөг зохион байгуулсан. Энэ үеэр надад дуулах боломж олдож Ардын жүжигчин А.Долгортой “Сэтгэлд мөнхөрсөн ижий” дууг хамтран дуулсан юм.
Сургуулиа төгсөөд би ер нь дуучин болно гээд СУИС-д шалгалт өгсөн л дөө. Урлагийн талаар ямар ч мэдлэггүй хүүхэд СУИС-д очоод эхний шалгаруулалтдаа тэнцсэн ч хоёрдугаар шатанд хасагдчихсан юм. СУИС-д тэнцэхгүй юм байна гээд санаагаар унаж явахдаа Ардын жүжигчин Б.Жавзандулам багшийн “Их монгол” сургуульд очсон. Тэгээд тэнцээд хүссэн мэргэжлээрээ сурахаар болсондоо ёстой хөл газар хүрэхгүй баярласан. Ер нь би Б.Жавзандулам багшийн шавь болсноо аз гэж боддог. Хэрвээ СУИС-д орсон бол дуурийн дуучин болохгүй ч байх юм бил үү. Заяа төөргөөрөе СУИС-д тэнцээгүй байх гэж боддог шүү.
-СУИС-ийн шалгалтад юунаас болоод уначихсан юм бэ?
-Нэгдүгээр шатанд дуулахаас гадна танин мэдэхүйн чанартай ганц хоёр асуулт асуусан. Түүнийг нь хариулаад тэнцлээ. Харин хоёрдугаар шатанд хөгжим тоглож, бүжиглэж, дуулах хэрэгтэй болсон. Би бүжиглэхдээ тааруу болохоор даалгавраа олигтой гүйцэтгэж чадаагүй. Түүнээс болж шалгалтдаа тэнцээгүй.
-Та оюутан байхдаа олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд оролцсон. Ямар уралдаанаар салхи хагалж байв?
-“Их монгол" сургуульд байхдаа анх уралдаанд оролцсон. Нэг удаа сургуулийн амралтын үеэр Б.Жавзандулам багш над уруу утасдаад олон улсын тэмцээнд оролцох санал тавьсан. Тэгээд ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуулаачдын уралдаанд оролцохоор болсон юм. Анхны уралдаанаасаа дэд байрын шагнал хүртэж их урам авч билээ. Түүнээс хойш эргэлт буцалтгүйгээр дуурийн дуучин болохоор шийдсэн.
-УДБЭТ-ын гоцлол дуучин болоод хамгийн түрүүнд ямар дуурьт дуулсан бэ?
-Гоцлол дуучин болчихоод “Учиртай гурван толгой” дуурийн улсын уралдаанд оролцсон. Дуурийн тайзан дээр гэвэл Юндэнгийн дүрд анх дуулсан. Тэгэхэд л дуурийн дуучин болох амаргүй гэдгийг ойлгосон. Дуурийн дуучин дуулахаас гадна жүжиглэнэ. Дээрээс нь үйл хөдлөлөө бодож хөгжмөө сонсоно. Саяхан П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегиний дүрд дуулсан. Дуурьт Улаан-Үдээс ирсэн найруулагч Елена Артюхина ажилласан. Энэ дуурь сүүлийн гурван жил тавигдаагүй байсан юм билээ. Театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Шижирболдтой хамтран тоглосон болохоор сайн бүтээл болсон гэж бодож байгаа.
-Энэ хугацаанд нийтийн дуу дуулж байв уу?
-Аравдугаар ангиа төгсдөг жил Баянгол дүүргийн сургуулиудын шилдэг сурагчдын тоглолт “УБ палас”-т болсон. Тэр үед С.Батсүх гавьяатын “Аав уул” дууг дуулж байлаа. Том тайзан дээр гарч үзээгүй болохоор сандран байж нэг дуу дуулснаа санадаг юм. Мөн их сургуулийн бэлтгэл ангид байхдаа шинэ жилээр С.Жавхлан, С.Батсүх гавьяатын дууг дуулсан. Түүнээс хойш зохиолын дуу дуулаагүй.
-Дуурийн дуучин нийтийн дуу дуулахаар өнгөө алддаг гэдэг?
-Монгол зохиол гадаадын уран бүтээлчдийнхээс ялгаатай. Дөнгөж хоолой нь тавигдаж байгаа дуучид монгол дуу дуулах ер нь л хэцүү. Учрыг нь олж зөв дуулахгүй бол хоолойнд муугаар нөлөөлнө.
Тиймээс том дүрийг яарч дуулалгүйгээр шат ахин дуулах нь сургуулилт болдог. Гэхдээ залуу мөртлөө цаанаасаа хоолойны өнгө нь суусан дуучид байна.
-Та “Universe best songs” наадамд оролцож байсан. Тэр үеэс хүмүүс таныг таньдаг болсон байх?
-Хоёрдугаар дамжаанд сурч байхдаа “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe best songs” наадамд оролцсон. Тухайн үед өөрийгөө хөгжүүлэхээс гадна сонгодог урлагийн гоё сайхныг үзэгчдэд мэдрүүлэхийг хичээсэн. Гэхдээ дараа нь дуурийн дуучин тийм тэмцээнд орох хэрэггүй юм шиг санагдсан. Харин попера чиглэлээр дуулах сонирхолтой бол оролцоод өөрийгөө сориод үзэх хэрэгтэй.
-Ухнаа гуай таны авьяасыг үнэлж дуурийн дуулаачдын уралдаанд оролцох санал тавьж байсан. Та хоёр уралдаандаа явсан уу? .
-ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Линховойн нэрэмжит уралдаанд авч явна гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ухнаа гуайтай явсан. Тухайн үед Ухнаа гуай шүүгчээр нь ажилласан. Би тэр тэмцээнээс Гран при авсан.
-Буриадын театр танд гоцлол дуучнаар ажиллах санал тавьсан. Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?
-Би дуурийн дуулаачдын “Байкал” уралдаанд өнгөрсөн жил оролцсон юм. Тэр тэмцээнээс тусгай байрын шагнал авсан. Тухайн үед сургуулиа дөнгөж төгсөх гэж байсан. Тэгэхэд П.И.Чайковскийн “Гэлбэрийн хатан” дуурийн хэсгийг оросоор дуулсан юм. Буриадын театр надад гоцлол дуучнаар ажиллах санал тавьсан. Гэхдээ би багаасаа л Монголынхоо дуурийн театрт ажиллах хүсэлтэй байсан болохоор знэ саналаас татгалзсан. Сургуулиа дөнгөж төгсөөд ийм санал авч байсан болохоор өөрөөрөө бахархах шиг болсон.
-Тухайн үед УДБЭТ-т ажиллах хүсэлтээ өгсөн байсан уу?
-УДБЭТ баритон хоолойтой дуучид их байсан болохоор намайг авах болов уу гэж бодож явснаас биш ажиллах хүсэлтээ өгөөгүй байсан. Тэгээд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд оролцохоор явахдаа дуурийн театрын дуучны харьяаллаар явсан. Ирээд театрт орох хүсэлтээ хэлэхээр болсон юм. Тэгээд
концертмейстер Б.Солонго, Б.Жавзандулам багштайгаа Б.Сэргэлэн захирал дээр орж байлаа. Тухайн үед их сандарсан шүү /инээв/. Тэгээд л энэ оны нэгдүгээр сараас албан ёсоор УДБЭТ-ын гоцлол дуучин болсон.
-Дуурийн дуучид тэр бүр олны өмнө гардаггүй болохоор хүмүүс танихгүй тохиолдол гардаг байх?
-Дуурийн дуучин заавал хүн бүрийн танил байх шаардлагагүй. Хоёр сая хүний арван хувь нь сонгодог урлаг сонсдог байхад л болно. Дэлхийн хэмжээнд ч гэсэн ийм л байдаг. Түүнээс бусад салбарынхан шиг өдөр бүр дуулах, телевизээр гарах албагүй шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед хүмүүс сонгодог урлагийг сонирхдог болсон байна.
-Дуурийн дуучны хувьд итали хэл чухал. Таны гадаад хэлний мэдлэг хэр зэрэг вэ?
-Дуурийн дуучин бүрт итали хэл чухал. Дуурийн бүтээлийн ихэнх нь итали хэлээр байдаг болохоор зайлшгүй мэдлэгтэй байх шаардлагатай. Би итали хэл мэдэхгүй болохоор театрынхаа Б.Эрдэнэтуяа эгчээс зөвлөгөө авдаг. Харин оросоор хүний ярьж байгааг бага зэрэг гадарлана. Ойлгоод байдаг мөртлөө буцаагаад хариулж чаддаггүй. Англи хэлийг арван жилдээ судалж байсан болохоор гадарлана. Тийм болохоор одоо зуны амралтаараа англи хэл судлах бодолтой байна.
-Тохиолдож байсан сайхан мөчөөсөө хуваалцаач?
-Оросын Их театрын дэргэдэх шинэ театрын тайзнаа гарч дуулах боломж олдсон нь миний хувьд хамгийн сайхан мөч байсан.
-Одоо ямар дүрд дуулахаар бэлтгэлээ базааж байна вэ?
- Дж.Вердийн “Травиата” дуурьт дуулахаар бэлтгэлээ хийж байна. Тоглолт энэ сарын 23-нд болно. Тэгэхдээ наана нь удирдаач, найруулагч нартаа шалгуулна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )