
Испани улсын "Burgos Burpellet BH" мэргэжлийн багт уралдаж байгаа тэрээр энэ уралдааны 278.2 км замын тэн хагас хүртэл нийт тамирчдыг тэргүүлэн толгойн хэсэгт уралдаж, Монгол Улсаа дэлхийд сурталчилж чадлаа.
Дэлхийд гэсний учир нь олон улсад шууд дамжуулсан "EURO SPORT"-ын тайлбарлагчид: "Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамц 110 дахь удаагаа болж буй энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо. Маш өндөр түвшинд, маш амжилттай оролцож байна" гэж олон удаа онцолж дурдав.
Харамсалтай нь манай тамирчин 153 дахь км-ээс уралдааныг орхисон. Чулуун замтай хэсэг болон огцом өгсүүрүүдээрээ алдартай уг уралдаан нь Олон Улсын Дугуйн Холбооны Дэлхийн цуврал уралдаануудын хамгийн хэцүү замуудын нэгд тооцогддог. Дээрээс нь бороотой, хүчтэй салхитай гээд цаг агаар ч амаргүй нөхцөл байдалтай байлаа. Үүний учир нийт 54 тамирчин замаа дуусгаж чадалгүй замаас гарсан хүнд уралдаан боллоо. Уралдааны аварга болсон алдарт тамирчин Тадей Погачар 6 цаг 20 минутад замаа дуусгасан гээд маш их тэсвэр тэвчээр шаардсан урт уралдаан байв.
Зөвхөн шилдэг багууд л оролцдог энэ уралдаанд Монгол дугуйчин уралдана гэдэг нь өөрөө дэлхийн топ түвшинд байгаагийн баталгаа боллоо. Тус уралдаанд өнөө цагийн дэлхийн шилдэг дугуйчид Jonas Vingegaard-с бусад нь бараг л бүгд уралдлаа. Тэдэнтэй нэг замд гарч, тэгээд бүр 100 гаруй км салхинд нь уралдана гэдэг үнэхээр бахархам байлаа.
Түүний хувьд энэ бол дөнгөж эхлэл. Энэ улирал дуусахад ирэх намар хүртэл олон уралдаан хүлээж байна. Манай улсаас Олимпын наадамд эрхээ авч оролцсон анхны дугуйчин тэрээр ийнхүү дахин нэг анхдагч, түүхэн амжилтыг гаргалаа.
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )