Сурагчаа хөнөөсөн багшид БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын Дээд шүүхэд өнгөрсөн пүрэв гарагт сургууль дээрээ амиа алдсан 7 настай сурагчаа хөнөөсөн багшид холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрчжж. Шүүхээс тухайн багшид оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

49 настай Мён Жэ Ван нь өнгөрсөн оны 2-р сарын 10-нд Ким Ха Ныл хэмээх 7 настай сурагчаа ном өгье хэмээн хуурч, эзэнгүй ангид аваачин олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн. Тэрээр аллага үйлдэхээсээ хэд хоногийн өмнө сургуулийн компьютер эвдэлсэн, өөр нэг багш руу халдсан хэргээр мөн ял сонссон байна. 

Гэмт этгээдийн зүгээс хэргээ хүлээсэн боловч тухайн үед сэтгэл санааны хувьд өөрийгөө хянах чадваргүй байсан хэмээн мэдүүлэн, ялыг нь хөнгөлж өгөхийг хүсжээ. Шүүхээс түүний энэхүү тайлбарыг няцаан, түүнийг эртнээс төлөвлөн хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан байна. 

Прокурорууд түүнд цаазын ял оноохыг шаардсан. Гэсэн ч анхан болон давж заалдах шатны шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноож, хэрэв ямар нэгэн байдлаар суллагдсан тохиолдолд 30 жилийн турш цахим гавтай явахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг Дээд шүүх эцэслэн баталжээ.  

Шүүгч хэлэхдээ "Багш хүн ямар ч үед сурагчаа хамгаалах үүрэгтэй. Гэтэл хамгийн аюулгүй орчин болох сургуулийн орчинд долоохон настай сурагч хэрцгийгээр амиа алдсан тул бүх насаар нь хорих ял уг хэрэгт хүндэдсэн шийдвэр биш гэж үзэж байна" хэмээн онцлон тэмдэглэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top