Балбын цагдаа нар Эверестийн аяллын замд зохиомлоор эмнэлгийн яаралтай тусламж, нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан гэх 20 сая ам.долларын даатгалын луйврын хэрэгт холбогдуулан 32 хүний эсрэг хэрэг нээгээд байна. Мөрдөгчдийн ярьснаар зарим хөтөч, оператор, эмнэлгийн ажилтнууд худал онош тавих мөн өвчнийг хэтрүүлэн тайлбарлаж, өндөр өртөгтэй нүүлгэн шилжүүлэлт хийх замаар даатгалын мөнгө авсан байна. Гэхдээ цагдаа нар санаатайгаар хордуулсан гэх мэдээллийг няцаажээ.
Энэхүү шуугиант хэрэг Балбын аялал жуулчлалын салбарыг ганхуулж, даатгалын компаниуд тус улсаас, журмаа чангатгана гэсэн болгоомжлол төрүүлээд байна.
Луйвар хэрхэн явагдав
Мөрдөгчид хөтөч, нисдэг тэрэгний компани, эмнэлгүүд хамтран эмнэлгийн яаралтай тусламжийг зохиомол байдлаар бий болгосон гэж үзэж байна. Тухайлбал, өндрийн өвчний шинж тэмдэг үүсгэхийн тулд хүнсний сода, Диамокс эмийг их тунгаар өгөх, хэт их шингэн уулгах зэрэг аргыг ашигласан аж. Үүний дараа уулчдад үнэтэй нисдэг тэргээр үйлчлүүлэхийг шаардаж, хуурамч онош, баримт бичиг бүрдүүлэн даатгалын төлбөр авсан байна. Цагдаа нарын мэдээлснээр энэ схем 2022–2025 оны хооронд явагдаж, нийт 2,320 ажиллагаанаас 317 нь хуурамч аврах ажиллагаа байсан бөгөөд 19.69 сая ам.долларын хуурамч нэхэмжлэл гарсан байна.
Хордуулсан гэх мэдээлэл маргаан дагуулав
Зарим хэвлэлүүд аврах ажиллагааг зөвтгөхийн тулд жуулчдыг санаатайгаар хордуулсан гэж мэдээлсэн ч Балбын Төв мөрдөх товчоо үүнийг “үл ойлголцол” хэмээн няцааж, нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Төв мөрдөх товчооноос олон сарын турш хийсэн шалгалтаар хоол хүнсэнд хорт бодис илрээгүй гэж мэдэгдсэн ч жуулчдад үзүүлсэн шахалт, албадлагын аргыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Ийнхүү зарим мэдээллийг эрх баригчдын зүгээс няцаасан нь зарим хэвлэл мэдээллийн мэдээлэл болон мөрдөн шалгах байгууллагын дүгнэлт хооронд зөрүү байгааг харуулж байна.

Аялал жуулчлал, даатгалын салбарын хямрал
Эверестийн гэх тодотголтой луйвар илчлэгдсэнээр аяллын захиалга цуцлагдаж, аюулгүй байдлын талаарх болгоомжлол нэмэгдэж, Балбын нэр хүндэд сэв суулгаж байна. Олон улсын хэд хэдэн даатгалын компани Балбын уулын аяллын даатгалаас татгалзаж, өндөр эрсдэлтэй гэж үзсэн тул олон жуулчин аврагдах баталгаагүй болоод байна. Салбарын туршлагатай шерпа нар цөөн хэдэн хүний буруу үйлдэл олон үеийн амьжиргаагаа залгуулж ирсэн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна.
Салбарын хариу арга хэмжээ
Балбын Аялал жуулчлалын газар болон Уулын спортын холбоо уг үйлдлийг буруушааж, дахин давтагдахаас сэргийлэхийн тулд хяналтыг чангатгана гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэлт явуулах болон даатгалын нэхэмжлэл гаргах дүрмийг чангатгана гэсэн хүлээлттэй байна. Энэхүү дуулиан хаврын авиралтын улирал эхлэхтэй давхцаж байгаа тул Балбын уулын аяллын нэр сэргээх шаардлагатай болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )