Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил ч гэсэн буруутай юм биш үү

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Дөрвөн хүний амь нас, зургаан хүнийг гэмтээсэн тэр өдөр 2008 оны долдугаар сарын нэгэнд болсон. Энэ хэргийн хариуцлагыг хэн үүрэх, үүрлээ гэхэд хэдэн жилийн ял оноох нь бүрхэг байв. Гэвч нохойд барьдаг мод шиг цагдаа нарыг золигт гаргах нь тухайн  үеийн төрийн эрх баригчдын цаад санаа байсан гэдгийг олон хүн ярьдаг.

Тэгвэл долоон сарын нэгний гэх энэ хэрэгт буруутай хүмүүсийг логикоор нь бодоод үзье л дээ. Хүн буудсан гэх цагдаа нарыг олохгүй болохоор удирдлагад  нь хариуцлага тооцож байгаа. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаагийн дарга нарыг хөдөлгөж байсан хүмүүсийг мөн л яллагдагчаар дуудах ёстой. Тэдгээрийг эхнээс нь нэрлэцгээе. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үед онц байдал зарласан. Тэгэхээр төрийн тэргүүн асан Н.Энхбаяр шууд холбоотой болж байгаа юм. Тэрбээр онц байдал зарлахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулсан байна. Уг зөвлөлд  Н.Энхбаяраас гадна тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан нар багтаж байсан. Тиймээс тэднийг энэ хэрэгт “хам”-аар татах нь зүйн хэрэг. Тэдэн дээр нэмэгдэх хүн бол тухайн үеийн  ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил. Тэр хүн дээрээс ирсэн чиглэлийн дагуу цагдаа нарт байлдааны сум тараасан байгаа юм. Улмаар цагдаа нар анхааруулах зорилгоор тэнгэр лүү буудсан. Тэнэсэн сум нь дөрвөн хүний амийг авч, зургаан хүнийг бэртээсэн хэрэг гарсан билээ.  

Тэгвэл өнөөдөр энэ хэрэгт шүүгдэгчдээр татагдах ёстой байсан нөхдүүдээс Ц.Мөнх-Оргил УИХ-д “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” гэсэн уриатайгаар вокзал, III- IV хороололд нэр дэвшиж явна.  Харин Д.Лүндээжанцан Өвөрхангай аймагт нэр дэвшиж байна. Тэднээс “Энэ чинь тэгээд шударга явдал уу?, Та нарын энэ үйлдэл  ариун явдал уу?” гэж л асуумаар байгаа юм.  

Харин С.Баярыг улс төрч “агаа нар” Азийн бар улсад Алтангийн баруун бөөрөнд наалдан эрхлэн жаргаж яваа гэх. Н.Энхбаяр гүн шокод орсноор улс төрийнх нь карьер дууссан гэдгийг зарим нэгэн нь ярьж байсныг энд онцлох хэрэгтэй болов уу...

Хохирогчдын ар гэрийнхний төлөөлөл болох Ц.Энхбаяр цагдаагийн дарга нарыг эр хүн шиг л бай гэж захисан. Шүүх хурлын талаар шүүмжлэхэд ч багадахаар байна.  Цагдаагийн дарга нар л зовлон ярьж байна. Би тэгээд зовоогүй юм уу.   

Эцсийн эцэст амь насаараа хохирсон залуусын хохь болж цагдаагийн дарга нар ял аваад энэ хэрэг дуусах гээд байна шүү дээ. Эрхэм Ерөнхийлөгчөө шударга л байя л даа.  Дээр дурьдсан нөхдүүдийг хэзээ яллах вэ? Хариултыг сэтгүүлч надаас илүүтэй ард түмэн хүлээж байгааг хэлэх нь зүй биз ээ.

Э.Мөнгөн  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top