Ч.Амарболд давж заалдана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07

 

Өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд боллоо.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурлаар хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жил, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жил, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг 2 жил хорих шийдвэр гаргасан. Улмаар тэднийг өршөөлийн хуульд хамруулан ялыг хөнгөлж Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдсанаар "наранд гарч" байна.

Харин үйлчлүүлэгчээ нарсанд үлдэхээр болсон хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь түүний үйлчлүүлэгч ялаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд 14 хоногт амжин өргөдлөө гаргахаар боллоо.

Энэ талаар Ч.Амарболд: Цагдаагийн ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй байхад намайг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар яллах нь буруу. Засгийн газраас намайг үүрэг гүйцэтгэгчээр томилоогүй. Би гэм буруугүй. Биднийг төр, ард иргэд, олон түмнийг хамгаалсаны төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч байсны төлөө яллалаа гэж тайлбарлав.

Харин шүүгч Ч.Хосбаяр: Өмгөөлөгч нарт хэрэгтэйгээ танилцах хангалттай хугацаа байсан. Шүүхийн практикт өмгөөлөгчгүй оролцсон тохиолдол цөөнгүй бий. Энэ удаад О.Зоригт өмгөөлөгчгүй оролцсон. Түүний өмгөөлөгч аваагүй шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Шүүгдэгч нарын хувьд эрүүл мэндээ хамгаалах, эмчлүүлж сувилуулах эрх нь нээлттэй. Бид тэр эрхийг нь хаагаагүй гэж сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Энэ удаагийн шүүх хуралд хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажилласан юм. Цагдаагийн экс дарга нарт наймаас есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх байсан ч шүүх "харж" үзсэн нь шүүгдэгчдэд таалагдсангүй.

Шүүгдэгчид ялаа чангадсан гэж үзэж байхад хурлын шийдвэрийг сонссон зарим иргэд энэ ял дэндүү хөнгөдлөө, Монгол хүний үнэ цэнэ "газар доор" орлоо гэдгийг хэлж байлаа.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top