Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 10-22 хүн эрүүлжүүлэгддэг. Харин Хархорин, Нарантуул гээд төвлөрсөн захтай дүүргүүдэд хоногт 40-50 хүнтэй хонодог гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 21-45 насныхан буюу 70 хувийг залуучууд эзэлдэг. Эрүүлжүүлэх алба нь эрүүлжүүлэгдсэн болон тэднийг авахаар ирсэн ар гэрийнхэнд архины эсрэг сурталчилгааг хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд архинд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй зохион байгуулсан уулзалт дээр ирсэн жаахан хүүгийн “маргааш орой эрүүл ирээрэй, аав аа” хэмээн хэлсэн хүслийн үгээр нь дуу бүтээжээ. Энэ дууг эрүүлжүүлэгдээд харих гэж байгаа хүмүүст өглөө бүр сонсгодог байна.
Тус хэлтсийн архидан согтуурахтай тэмцэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ч.Чинзоригийн хэлж буйгаар “Эрүүлжүүлэхийн ажилтнууд бидний хувьд хамгийн их айдаг зүйл бол эрүүлжүүлэгдэн хонож буй хүмүүсийн алтан амь. Олон өдөр архи уусан хүн архины гүн хордлогод орж үхэл амьдралтай ч нүүр тулдаг” гэв.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )