Энэ сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын арваад байцаагч нар аймгийн төвөөс холгүй зугаалаад буцаж явахдаа осолджээ. Ослоор гурван хүн гэмтсэн бөгөөд хоёр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр гадаадын хөрөнгө оруулалттай компани мэргэжлийн хяналтын байцаагчдыг дайлж, цайлахаар болж салхинд авч гарсан гэнэ. Тус компани БНХАУ-аас ажиллах хүч авдаг бөгөөд эдгээр иргэдийг зөвшөөрөгдсөн тооноос хэтрүүлэн оруулж ирдэг байна. Харин мэргэжлийн хяналтын байгууллага компаниудыг яамнаас тогтоосон тооноос илүү хүн авчирсан эсэхийг шалгах үүрэгтэй байдаг. Гэтэл эндхийн ажилтнууд тус компанийг шалгах нь битгий хэл хамт салхинд гарч яваад осолджээ. Байцаагчид ажлын өдөр салхинд гарсан учир оройдоо буцахаас аргагүй болж жолооч нь согтуу машинаа барьж яваад ийнхүү осолдсон аж. Тэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд байцаагч П.Даваасүрэн тархи, нуруу, үе мөчиндөө, байцаагч Б.Дашцэрэн нугасандаа хүнд гэмтэл авцгаажээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад огт ирээгүй. Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лавлахад “Осол болсон нь үнэн. Гэхдээ байцаагчид аль нэг компанийн дэмжлэгээр зугаалаагүй. Байгууллагынхаа зардлаар салхинд гарч яваад золгүй явдал тохиолдсон” хэмээн үгүйсгэж байв.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 1 )
арай дэндүү юмаа монголын хууль хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй байна.