БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэл энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд болно. Уг бүртгэл ажлын цагаар явагдах бөгөөд нийтдээ 10 мянган хүнийг бүртгэх юм. Хөдөө орон нутгийн иргэд бүртгүүлэхдээ оршин суугаа хаягийн дагуу харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээр бүртгүүлэх аж. Бүртгүүлэхэд иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт эсвэл гадаад паспортын эх хувь, хуулбарын хамт сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй хоёр хувь өнгөт цээж зураг, шалгалтын хураамж төлсөн баримт шаардлагатай аж. Хэрэв дээрх бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэж авах ямар ч боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс санууллаа. Мөн Солонгос хэлний шалгалтад хурдан хугацаагаанд бүртгүүлж өгнө гэх зар, цуу яриа сонсвол шууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хандахыг зөвлөж байна. Учир нь бүртгэл явагдах үеэр иргэдийг хууран мэхлэх, залилах асуудал их байдаг ажээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )