Өнөөдөр 10 цагаас Озэки Д.Бямбадорж “Хариу нэхээгүй үйлс” төрийн бус байгууллагатай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн зүрхний тасагт түргэн тусламжийн машин болон ОБЕГ-т гал унтраах машиныг хандивлалаа. Японы зүрхний эмчилгээний “Hadun saving” төслийн хүрээнд Канагава мужийн Ацүки хотын тусламжаар оруулж ирсэн эдгээр машины тус бүрийн үнэ нь 500 мянган долларын үнэтэй гэнэ. 2008 онд үйлдвэрлэгдсэн эдгээр машинууд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гэдгээрээ онцлогтой.
Энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.
“Хариу нэхээгүй үйлс” ТББ-н тэргүүн П.Ангараг:
- Манай ТББ 2008 онд байгуулагдаад дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх тал дээр Японы эмч нартай хамтран ажиллаж байна. Цаашид Японоос сайн эмч нарыг олноор авчирч хүүхдийн зүрхний эмгэгийг эмчлэх тал дээр анхаарч ажиллахын сацуу бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинуудыг оруулж ирнэ.
ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн газрын дарга Д.Бямбацогт:
-Өнөөдөр гал унтраах автомашиныг ОБЕГ-т гардуулж байгаад бид маш их баяртай байна. Энэ машин бол Ниссан сафари маркийн гал унтраах зориулалттай дунд оврын машин юм. Дөрвөн хоолойгоор зэрэг ажиллах чадвартай ба том оврын машинаас түргэн шуурхай очих боломжтой. Дагалдах тоног төхөөрөмжийн хувьд гурван төмөр сунадаг шат, хошуу хоолой гээд бүх зүйлээр нь хангасан. Цаашид энэ машиныг ард иргэдийнхээ аюулгүй байдалд бүрэн дүүрэн ашиглана.
Харумафүжи Д.Бямбадорж:
-“Hadun saving” төслийн хүрээнд Канагава мужийн Ацүки хотоос зүрхний аппарат, даралтны аппарат гээд олон улсын шаардлагыг хангахуйц төхөөрөмжөөр тоноглогдсон машинуудыг оруулж ирлээ. Бүх тайлбар нь монгол хэл дээр бичигдсэн. Цаашид барилдаж байх хугацаандаа эх орондоо дутагдалтай байгаа олон аппаратыг оруулж ирэхийг хичээнэ. Ингээд эмч нар маань олон хүнийг өвчин зовлонгоос салгаж, аз жаргал бэлэглээрэй гэж хүсье.
Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )