Өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны орой Сүхбаатарын талбайд хүүхэд залуучуудыг байгаль орчноо хамгаалах ногоон үйлсэд уриалан дуудсан “Экотон-2012” дуу хөгжмийн фестиваль боллоо. Уг фестивалийг БОАЖЯ-наас санаачлан, Нийслэлийн нутгийн зөвлөл, Аматун продакшн, UBS телевиз хамтран зохион байгуулжээ. Фестивалийн гол зорилго нь байгаль орчноо хамгаалахад залуусын оролцоог нэмэгдүүлж, дэлхийд алдартай Монгол улсын аялал жуулчлалын брэнд бий болгох аж. “Экотон-2012” дуу хөгжмийн наадамд дуучин Дейзи, Ганг болон Outlaw, UFO, Crossroad, Моханик зэрэг 11 хамтлаг оролцож ая дуугаа өргөн өрсөлдсөн бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах сэдэвт дуу дуулж, залуучуудаа энэ үйлсэд уриалан дуудсан юм. Шилдэг хамтлаг, дуучдыг үзэгчдийн мессеж саналаар шалгаруулах ба эхний байранд орсон хамтлаг дуучин 10 сая төгрөгийн эзэн болж, БОАЖЯ-тай хамтран эх орон даяар уран бүтээлээ хүргэх боломжтой болж байгаа юм.
Ингээд “Экотон-2012” фестивалийн санаачлагч БОАЖЯ-ны сайд Д.Цогтбаатарын хэлсэн үгийг одоо та бүхэндээ хүргэе.
-“Экотон-2012” хэмээх энэхүү арга хэмжээ бол бид бүгдийн санаачилсан ажлын зөвхөн эхлэл. Монгол Улс бол ногоон өнгө аястай, ногоон сэтгэлгээтэй, зөв хөгжлийн төлөө орон юм шүү гэдгийг дэлхий дахинд төв Азийн цээжнээс хүргэж байна. Монголын залуучууд Экотон арга хэмжээг дэмжиж, цаашдаа өөрсдийн оролцоог улам нэмэгдүүлж, Монголын нэг брэнд бүтээгдэхүүн бий болгоосой гэж хүсч байна. Байгалийг хайрлана гэдэг нь хүн хүнээ, хойч үеэ хайрлаж байна гэсэн үг юм. Тиймээс бид хөгжихийн тулд ногоон хөгжлийг сонгож, урагшлах ёстой. Энэ арга хэмжээг зохион байгуулахад олон залуучууд урам өгч, дэмжиж ажилласан учраас энэ арга хэмжээ өнөөдөр ажил болоод явж байна. “Экотон-2012” фестиваль цаашид хүрээгээ улам тэлээсэй гэж хүсч байна. Монгол ногоон хөгжлийг, ногоон дэвшлийг хүсч байна. Баярлалаа!
Crossroad хамтлаг:
-Энэ фестивальд оролцож байгаадаа маш их баяртай байна. Хүн болгон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаасай гэж хүсч байна. Бүгдээрээ ногоон хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.
Outlow хамтлаг:
-Өнөө үед байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байна. Тиймээс бид энэ фестивалийг дэмжиж, дуу хоолойгоороо нэгдэн оролцож байна. Өнөөдөр бид энд гол усаа хайрлан хамгаалъя гэсэн мессэжийг өөрсдийн чадах зүйл болох уран бүтээлээрээ хүргэхийг зорьж ирсэн юм. Бүгдээрээ хамтдаа ногоон хөгжлөө бүтээцгээе.
Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )