Л.Ган-Эрдэнэ: Чи цор ганц гэдгээ мэдрүүл

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Удаан хүлээсэн мөч ирлээ. “Камертон 2” шоуны 2-р шатанд 1960-1990 оны хооронд дуулагдаж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тэр л сайхан уран бүтээлүүдийг төгөлдөр хууртай дуулна гэдгийг сонсоод 21:00 цаг болохыг тэсэн ядан хүлээлээ.Цагийн зүү 21:00 болсныг зааж, нэвтрүүлэг ч эхэллээ. Нэг л мэдэхэд бүхэл бүтэн 60 минут нүд ирмэхийн зуур өнгөрчихжээ. Сонгодог орчин, төгөлдөр хуурын аялгуу, ахмад үеийн уран бүтээлчдээсээ суралцаж, Монголын рок, поп урлагийн үүх түүхтэйгээ танилцъя гэсэн бодлого, зорилт нь ч таалагдлаа... Ингээд Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

- “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо. Таны хувьд сэтгэл хангалуун байна?

- Хоёрдугаар шатны анхны дугаараа өлгийдөн авлаа. Цаашид улам гоё болох болно. Сэтгэгдлээ хуваалцахад оролцогчид маань маш сайжирсан байгаа. Ер нь хоёрдугаар шатанд эдгээр хүүхдүүдийг үлдээсэндээ шүүгчдийн зүгээс сэтгэл хангалуун байгаа. Хамгийн гол нь оролцогчид маань Дорж гэж хэн бэ?, Батаа гэж хэн бэ?, Ганаа гэж хэн бэ? гэдгийг үзүүлж чадаж байна. Би цор ганц шүү гэдгээ мэдрүүлж, өөр өөрсдийнхөө онцлогыг харуулж чадаж байгаа нь бидэнд урам зориг өгч, цаашид ажиллах эрч хүч бэлэглэж байна.

- Хоёрдугаар шатанд зөвхөн “Монгол дуу дуулна” гэдэг маш зөв сонголт болсон юм шиг ээ. Шүүгчдийн хувьд хариуцлага улам чангарч байна уу?

- Ер нь 1960-1990 оны дуунууд гэхлээр мэдээж социолизмын үеийн дуунууд орж байгаа. Тэр үеийн сайхан сайхан уран бүтээлүүд зөндөө бий. Хэзээ ч хуучирдаггүй, дахин давтагдашгүй, үргэлж чихэнд сонсогдож, аманд өөрийн эрхгүй аялагдаж байдаг дуунуудыг сонгож, төгөлдөр хууртай дуулуулсан. Яагаад гэвэл одоогийн залуус тэр үеийн эстрадын, рок попын энэ сайхан дуунуудыг мэдэхгүй байна. Бид ахмад үеэсээ суралцаж байж л цаашаа явна. Тийм учраас Монголын рок, поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн төлөөлөл болсон эрхэм хүндтэй ах нар маань зочин шүүгчээр оролцож байгаа. ямар гоё дуунууд байдгийг мэдүүлье, мэдрүүлье гэж зорьсон. Тэгээд ч бидний сонголт зөв байж гэдэг нь харагдлаа. Оролцогчид дуугаа яг өөрийнхөөрөө маш гоё болгож орж ирж байна. Монгол дуугаа сайн дуулж сурж байж, гадаад дууг дуулж сурна гэсэн байр суурийг баримталж байгаа. Нэгдүгээр шатанд гадаад дуу дуулаад тэнцчихсэн оролцогчид хоёрдугаар шатанд Монгол дуугаа жаахан тааруухан дуулж байгаа тал анзаарагдсан. Оролцогчдын хэлж байгаагаар бол Монгол дуу их өргөн утга агуулгатай, аялгуулаг, сонсголонтой юм байна, ер нь Монгол дуу дуулахад хэцүү байна гэж хэлж байсан. Бид үүнийг нь мэдэж байсан ч зориуд дуулуулсан. Гэхдээ хоёрдугаар шатанд оролцогчид харьцангуй чанаржиж байгаа нь 3, 4-р шатанд шалгаруулалт явуулж оролцогчдыг хасна гэдэг бол шүүчдийн хувьд нилээд хэцүү болох байх.

 - 700 гаруй оролцогчдоос тунаж үлдэж, хоёрдугаар шатанд орно гэдэг бол маш том амжилт. Оролцогчдодоо хандаж юу гэж хэлмээр байна?

- “Камертон 2” шоуны оролцогчдодоо өөртөө итгэлтэй, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, дэвэрсэн сэтгэлээр орж ирж биднийг болон үзэгчдээ баясгаарай. Дуугаа дуучны хэмжээнд дуулж биднийг уйлуулаасай, инээлгээсэй, бидэнд маш гоё эрч хүч, энерги өгөөсэй гэж хүсэж байна. Гэхдээ ялангуяа Ган-Эрдэнэд шүү/инээв/.

Баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top