“Монголын үнэн” сонин Х. Баттулгыг шүүхэд гаргасан гомдлоо татахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17


 “Монголын үнэн” сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны дугаарт “Х. Баттулга: Н. Энхбаярын араас бусдыг нь явуулаач” гарчигтай нийтлэл хэвлэгдсэн юм. Уг нийтлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х. Баттулга гүжир гүтгэлийн нийтлэл бичиж, олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр уучлалт гуйж, бусад өдөр тутмын хэвлэлээр залруулга гаргахыг “Монголын үнэн” сониноос шаардсан байна. Мөн нэр төрд халдаж хохироосны төлбөр гэж 100 сая төгрөг нэхэмжлэн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргажээ.  Үүнтэй холбоотой өнөөдөр Монгол ньюс төвд “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж. Мөнхбат, орлогч эрхлэгч Б. Хажидмаа, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид нар хэвлэлийн бага хурал хийлээ.

“Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж. Мөнхбат: “Монголын үнэн” 92 жилийн түүхтэй, монголын түүхийг бичсэн байгууллага. Энэ байгууллагыг дарж авах гэсэн бодлого явж байна.  Дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн хараат бус байдалд эдийн засгийн дарамт учруулахаар шүүх, прокуророор далайлгаж айлгах байдлаар дайралт хийж байна. Энэ байдлаа зогсоогооч ээ. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Мөн Женко Баттулгын сайд байх хугацаатай нь холбоотой таван мэдээлэл бидэнд байна. Өөрөөр хэлбэл Сайншандын цогцолбор, төмөр замын цогцолборын бүтээн байгуулалтай холбоотой нэлээн  но бүхий мэдээлэл бий. Мөн Араб руу мах гаргаж байна гэсэн мэдээлэл ч бий. Ирэх долоо хоногийн даваа гаригаас өмнө “Монголын үнэн” сонингоос 100 сая төгрөг  нэхэмжилсэн нэхэмжлэлээ Сүхбаатар дүүргийн шүүхээс татан аваач ээ, татахгүй бол “Женко” Баттулгыг Авлигатай тэмцэх газарт дээрх  таван үндэслэлээр шалгуулахаар  өгнө” гэдгээ мэдэгдлээ.

Монголын сэтгүүл зүйн эвлэлийн ерөнхийлөгч Б. Галаарид: “Сонгууль ойртож байна. Энэ үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой янз бүрийн гомдол улс төрчдийн зүгээс гаргах үзэгдэл түгээмэл байдаг. Үүний цаана мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хохирох асуудал их гардаг. Үнэнийг  тогтоолгохоор шүүхэд хандах нь хэнд ч нээлттэй асуудал. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Х. Баттулга шүүхэд хандсан байна. Гэхдээ үнэнийг тогтоолгохоос гадна их мөнгө нэхэмжлэх асуудал бол санхүүгийн хувьд тухайн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг боймлох гэсэн ямар нэгэн дарамтын хэлбэр гэж олон улсын хэмжээнд үздэг түгээмэл практик байна. Энэ утгаараа манай сэтгүүл зүйн эвлэл энэ асуудлыг анхаарч үүнээс өөр арга байдаг шүү гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл редакцийн өөрийн зохицуулалтын арга эсвэл сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулан эвлэрэх, зөвшилцөх зэрэг аргууд байдаг. Эдгээр аргуудаас хэрэглэж ардчилалын соёлд бүгдээрэ суралцья гэв. Энэ уриалгыг “Глоб интернэшл” төв дэмжиж байгаагаа мөн хэллээ.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй улс төрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, “Үндэсний шуудан” сонины санаачлага бүхий нийтлэлийг “Монголын үнэн” сонин дэмжиж буйгаа онцолж, энэхүү санаачлагыг дэмжихийг Монголын  бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийт сэтгүүлчиддээ хандан уриалсан юм.


Х. Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top