Мааньтын хорих ангид “Итгэлийн холбоо-2012” аян зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17


 Энэ сарын 15-нд “Шинэ цагийн удирдлагын академи”-аас “Итгэлийн холбоо-2012” аяныг ШШГЕГ-ын харъяа Мааньтын хорих 415-р ангид зохион байгууллаа. Энэ арга хэмжээг тус хорих ангийн хянагч Даваасүрэн  анх санаачлан “Шинэ цагийн удирдлагын академи”-ийн  багш, оюутнуудад хандсан аж. Тус хориход  ял эдэлж байгаа хоригдлуудад сэтгэлийн дэм өгөх зорилгоор тэдний нийгмийн идэвхи, бүтээлч оролцоог дэмжихэд энэ аяны утга учир  оршсон юм.  

                                   Аян замдаа гарцгаалаа

“Итгэлийн холбоо-2012” аяны  нээлт “Шинэ цагийн удирдлагын академи” –ийн байранд  оюутан багш нарын  нээлтийн үгээр  эхэлсэн.  Дараа нь бид  тус сургуулиас нэгдсэн журмаар автобусандаа сууж Мааньтын хорих  руу хөдөллөө.  Зорьсон газраа халуун дулаан энергитэй очихыг зорьж замын турш дуулалдан, цэнгээнт тоглоомоор тоглож явсаар  тус хориход  хоёр цаг орчмын дараа ирлээ.

                      Гадаа хүйтэн  ч сэтгэл дулаахан байв

Биднийг очиход Мааньтын хорих 415-р ангийн удирдлагууд элэгсгээр хүлээн авч үйл ажиллагаатайгаа танилцуулав. Гадаа хэдий салхитай хүйтэн байсан ч сэтгэлдээ  итгэлийн халуун оч  тээсэн тус аяныг зохион байгуулагчдыг хорих байранд ороход хоригдлууд орчин тойрноо  цэмцийтэл цэвэрлэж,  биднийг халуун дотно хүлээн авсан юм. Тус хориход  хүмүүжиж буй хоригдлуудад зориулсан урлагийн тоглолтыг хорих ангийн дарга, дэд хурандаа О.Батсайхан  нээж үг хэллээ. “Итгэлийн холбоо-2012” аяны гол арга хэмжээний нэг энэхүү тоглолтонд “Шинэ цагийн удирдлагын академи”-ийн багш, оюутнууд болон хувь хүмүүс өөрсдийн уран бүтээлээсээ сонирхуулсан юм. Хоригдлууд тэднийг нижигнэсэн  алга ташилтаар хүлээн авч дуулсан дуу болгоныг  даган дуулж байсан нь  сайхан хэрнээ бага зэрэг гуниг төрүүлж байсныг нуух юун. Тоглолтын дундуур зохион байгуулагч нарын зүгээс бэлдсэн бэлгийг  хоригдлуудад  тусгайлан зориулж хийсэн амтат бялууны хамт бэлэглэв.  

 Сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн бэлэг

Урлагийн тоглолт өндөрлөхөд  тус  хориход хүмүүжиж буй  хоригдлууд өөрсдийнхөө бэлдсэн урлагийн номерийг   бидэнд толилуулж гэнэтийн бэлэг барьсан юм.  Тэд өөрсдөө амьд хөгжим тоглож дуулахад оюутан, багш нар даган дуулж алга таших чимээ тасрахгүй байв.  Урлагийн тоглолтоо сонирхуулаад зогсохгүй өөрсдийн гараар урласан модон болон чулуун морин хуурыг ШЦУА-ын захиргаанд гардуулсан  нь бахархууштай байсан билээ.

                                        Нэг мод тарих нэг насны буян

  Тоглолт дууссаны дараа хорихын гадаа  талбайд “Нэг мод тарих нэг насны буян” уриан дор чацарганы 100 ширхэг мод тарих  үйл ажиллагааны хүндэтгэлийн туузыг Мааньтын хорих 415-р ангийн дарга дэд хурандаа н.Батсайхан, ШЦУА-ын захирал О.Батсайхан нар хайчиллаа. Урьдаас ухаж бэлтгэсэн нүхэнд хүн бүр нэг нэг мод тарьсанаар энэхүү арга хэмжээ өндөрлөсөн юм.  Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуудтай адил.  Зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр байдаг шиг хүмүүн бид  сайн сайханд  тэмүүлэх мөрөөдлөө ямар ч нөхцөлд алдахгүй байхыг ухааруулахыг “Шинэ цагийн удирдлагын академи”-ийнхан чухалчилсан билээ.   

Сурвалжилсан Д. Шинэбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top