Хөлбөмбөг. Тэр дундаа энэ спортын ДАШТ хэн бүхний анхаарлыг татсан тэмцэл, өрсөлдөөн байлаа. Бид ялагчдыг дурсах дуртай. Гэвч энэ спортын талбар дээр ур чадвараа дуурсгасан олон баатар тодорсон ДАШТ байлаа. Тэд талбай дээр ч, талбайн гадна нь ч нөлөөгөө мэдрүүлсээр байна. Тэмцээн дууссан ч тэд хүмүүсийн дурсамжид үлдэх нь дамжиггүй.
10. Пико Лопес (Кабо Верде)

Гайхам түүхэн эзэн нь тэр. Ирландын Даблин хотноо төрсөн тэрээр 2017 оноос хойш “Шамрок Роверс” багт тоглож байна. Кабо Вердегийн хамтаар ДАШТ-нд гайхалтай оролцсон. Аавынхаа ятгалгаар 2019 онд Кабо Вердегийн шигшээд тоглож байгаа. Эхэндээ тэр дурамжхан байсан ч яваандаа энэ багийн нэгэн эд эс гэдгээ мэдэрчээ. Тэрээр төвийн хамгаалалтын байрлалд дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдөнө гэдгээ баталж, шөвгийн 32-т шалгарсан. Даанч тэд дэлхийн аваргын цолыг хамгаалагч Аргентинд хожигдсон.
ДАШТ-нд тодорч өөрийгөө таниулсан тэрээр “Шамрок Роверс” багийнхаа хамтаар Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтын шатанд өрсөлдөж байна. Магадгүй даруухан энэ багтайгаа Аваргуудын лигт дуулиан тарих ч юм билүү, хэн мэдлээ.
9. Элайжа Жаст (Шинэ Зеланд)

Тэрээр энэ ДАШТ-нд Шинэ Зеландын төлөө гурван гоол оруулсан. Шинэ Зеландаас өөр хэн ч ийм олон гоол оруулж байгаагүй. Шотландын Модервелл клубийн жигүүрийн дотлогч тэрээр Ираны эсрэг хийсэн эхний тоглолтод л хоёр гоол оруулсан. Хэдийгээр хэсгээсээ шалгарч чадаагүй ч түүний ур чадварыг анзаарсан клубууд олон байна. Тэрээр энэ тухай хэлэхдээ “Солилцоо наймааны тухайд гэвэл манай агентын хийх ажил байх. Маш завгүй ч байгаа байх. Хөлбөмбөгт юу болохыг хэн ч тааварлахгүй шүү дээ” гэсэн юм. Одоогоор түүнийг Шотландын хоёр гигант Селтик, Рейнжерс клубууд сонирхож буйгаа илэрхийлсэн.
8. Элой Рүүм (Кюрасао)
Дэлхийн аваргын тайзан дээр хамгаалагч, хаалгач баатар болж тодрох нь элбэг. Энэ ДАШТ-нд Рүүм бол тэдний нэг байлаа. Тэд хэсгийн эхний тоглолтод Германы шигшээд 7-1 бут ниргүүлсэн ч Эквадорын эсрэг хийсэн тоглолтод тэр өөрийгөө батлан харуулсан юм. Тэрээр Эквадортой хийсэн тоглолты туршид хамгийн олон хаалт хийсэн. Ялангуяа аюултай 15 цохилтыг хаасан. Чухам түүний ачаар Кюрасаогийн шигшээ баг дэлхийн аваргын цор ганц оноогоо авсан билээ.
7. Хайсем Хассан (Египет)
Тэрээр хэсгийн шатанд гарааны бүрэлдэхүүнд багтаагүй ч хасагдах шатанд өөр байсан. Хасагдах шатны эхний тоглолтоо Австралийн эсрэг хийхэд тэрээр анх удаа талбайд гарсан. Талбайг мэдэрч буй мэдрэмж, бөмбөггүй гүйлтүүд нь дэлхийн түвшнийх гэдэгтэй маргах хүн одоо байхгүй. Баруун жигүүрийн довтлогчийн байрлалд тоглодог тэрээр Овейдо клубийн төлөө хүчин зүтгэж байна. Хэдийгээр баг нь доош унасан ч түүнийг сонирхох томоохон клубууд олон байгаа. Хар багаасаа Египетээс явснаас хойш тэрээр Францын 17 болон 18 хүртэлх насны шигшээд тоглож байсан туршлагатай. Чухам энэ туршлага нь л энэ жилийн ДАШТ-нд Египетийн шигшээд хэрэг болсон юм.
6. Орландо Гилл (Парагвай)

Энэ жил баатар болж тодорсон тэрээр өнгөрсөн есдүгээр сард л Парагвайн шигшээд дуудагдсан. Дуудагдсанаас хойш тэрээр ямархан авьяастай вэ гэдгээ хангалттай нотлон харуулсан юм. Харуулсаар ч байна. Ялангуяа хасагдах шатанд Германы шигшээтэй таарч, торгуулийн хоёр ч цохилтыг хаасан нь дэлхийд түүнийг тодруулсан юм. Хэдийгээр Францын шигшээд хожигдсон ч тэрээр муу тоглоогүй. Орландо Гилл гэх хаалгач Аргентины “Сан Лорензо” клубт хүчин зүтгэдэг ч Араб болон Америкийн олон баг түүнийг сонирхож буйгаа илэрхийлсэн.
5. Ден Бөрн (Англи)

Хэсгийн шат болон хасагдах шатны эхний тоглолтод тэрээр сэлгээнд суусан. Гэвч Мексиктэй хийсэн тоглолтод талбайд гармагцаа толгойгоороо тоглож тоосноосоо бусгасан гэхэд болно. Тэр хоёрдугаар давхарт сайн гэдгээ хангалттай харуулсан. Английн шигшээд түүнээс ур чадвартай олон тоглогч байгаа ч тэрээр хэн бэ гэдгээ хангалттай харуулж чадсан гэж дүгнэхээр байна. Английн гарааны бүрэлдэхүүнд тэр багтах эсэх нь ч эргэлзээтэй байлаа. Гэхдээ 1966 оноос хойш хамгийн шилдэг амжилтаа үзүүлсэн Английн шигшээ яагаад түүнийг дуудах болсныг энэ амжилтаас харж болохоор байна.
4. Сидни Лопес Кабрал (Кабо Верде)
Түүний нэрийг санахгүй бол Аргентины хаалганд, зүүн жигүүрээс оруулсан гайхалтай гоолыг нь санаж байгаа байх. Эзэн нь энэ хүн шүү дээ. Магадгүй энэ ДАШТ-ний, бүр энэ улирлын шилдэг гоол ч байж болох юм. Хэдийгээр тэд гайхалтай тоглолт үзүүлсэн ч спортын үнэнд ялагдсан. Гэхдээ багийнх нь хаалгач болон өөрийгөө хэн бэ гэдгийг хангалттай нотлон харуулсан гэдгийг санах нь зүйтэй.
Зүүн жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр Кабо Вердегийн төлөө ДАШТ-ний гурван тоглолтод гараанд гарсан. Одоо тэрээр Туркийн Трабзонспор клубтэй гэрээ байгуулаад замналынхаа шинэ хуудсыг эргүүлж яваа.
3. Хулиан Куинонес (Мексик)

ДАШТ-ний мэргэн буучийн жагсаалт гэхээр таны толгойд хэний нэр бууж байна. Мэдээж хэрэг Мбаппе, Кейн, Месси, Холанд гээд явж өгнө. Гэхдээ энэ ДАШТ-нээр хэний ч тооцоонд байгаагүй нэгэн нэр байсан нь Мексикийн шигшээ багийн Куинонес байсан юм. Тэр энэ тэмцээнд дөрвөн гоол оруулсан нь Португалийн домог Криштиану Роналдугаас нэгээр илүү.
Өнгөрсөн улиралд Саудын про лигийн алтан шаахайг тэрээр хүртсэн. Европын тавцанд хэзээ ч тоглож байгаагүй. Магадгүй ирэх улиралд Европын топ таван лигт гүйж явахыг үгүйсгэхгүй.
2. Йохан Манзамби (Швейцарь)
Энэ жил нэрээ дуурсгасан баатар бол яах аргагүй тэр. ДАШТ-ний хэсгийн шатанд Боснигийн хаалганд хоёр гоол, Канадын хаалганд нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгсний дараа хасагдах шатанд ч авьяасаа гайхуулсан.
Өнгөрсөн улиралд клубийн түвшинд өөрийгөө хангалттай харуулсан. Германы Фрайбург клубийг чирж байсан тоглогч нь яах аргагүй тэр. Чухам иймээс тэрээр Европа лигт аман хүзүүдсэн юм. ДАШТ-ний тоглолтыг нь анзаарсан Ньюкасл Юнайтед клуб ихэд сонирхож байсан ч Астон Вилла клуб түүнийг 59.5 сая фунтээр эгнээндээ нэгтгээд байна.
1. Возинья (Кабо Верде)
Угаасаа энэ нэр байх нь тодорхой байсан л даа. Өдгөө 40 настай тэрээр ДАШТ-ний дебютээ энэ жил хийсэн юм. Өөрийнхөө болон улсынхаа замналд анхных болсон энэ тэмцээнд тэрээр өөрийгөө 1000 хувь илүү батлан харуулж чадсан. Энэ жилийн ДАШТ-нд түрүүлэх ерөөлтэй Испанийн шигшээтэй учраа таарахад хаалгаа хуурай манасан юм. Мэргэжилтнүүд ч, хөгжөөн дэмжигчид ч түүнийг хайрлах болсон.
Тэмцээн эхлэхээс өмнөхөн түүний инстаграмын дагагч 50 мянга хүрэхгүй байлаа. Одоо хэд болсон гээч 29.4 сая. Үүгээрээ ямар ч од тоглогчдоос илүү байна. Тэрээр хасагдах шатанд Аргентины эсрэг найман хаалт гүйцэтгэсэн. Хэдийгээр ялагч тодорхой болсон ч энэ тэмцээний шилдэг хаалгач нь яах аргагүй тэр байлаа. Байгаль хамгаалагчид саяхан илрүүлсэн далайн нялцгай биетэд түүний нэрийг хайрлажээ. Одоо түүнийг Америк, Араб, Европын хэд, хэдэн клуб сонирхож байна.
Сэтгэгдэл ( 0 )