ДАШТ-2026 | Түүхэнд үлдсэн шигшээ тоглолтууд

Б.Сэцэн | Zindaa.mn
6 цагийн өмнө

Дэлхийн хөлбөмбөгийн 23 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өнөө шөнө аваргаа тодруулна. Анх удаагаа 48 улсын шигшээ баг оролцсон энэ тэмцээнд Аргентины шигшээ хоёр дахь ДАШТ-нд дараалж финалд шалгарлаа. Харин 2010 онд түрүүлснээсээ хойш анх удаагаа Испанийн шигшээ финалд шалгарч байгаа нь энэ. Тэд энэ тэмцээнд Европ тивийн аваргуудын дүрээр оролцож буй. Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдсанаас хойш 23 тэмцээнийг ардаа хийгээд буй энэ цаг үед түүхэнд үлдэж, түмэнд дурсагдах шигшээ тоглолтуудыг та бүхэнд танилцуулж байна.


Сүнс мэт гоол – 1966

Өнөө цаг хүртэл Английн ялалт байгуулсан цор ганц финал. Гэхдээ одоог хүртэл маргаан дагуулсаар буй. Уембли цэнгэлдэхэд болсон шигшээ  тоглолтын нэмэлт цагийн 11 дэх минутад Английн шигшээ багаас Жефф Хьёрст гоол оруулав. Бөмбөг хөндлөвчөөс ойж доош унахад Баруун Германы хамгаалагчид холдууллаа. Хэдийгээр Английн шигшээнхэн гоолын баяраа тэмдэглэж байсан ч шүүгч үнэхээр гоол оруулсан эсэхэд эргэлзэв. Улмаар талбайн хажуугийн шүүгч Тофик Бахрамовтой чамгүй удаан зөвлөлдсөний эцэст гоолыг эздэд тооцсон юм. Германы хөлбөмбөгчид болон хөгжөөн дэмжигчид одоог болтол энэ гоол үнэхээр орсонд эргэлздэг. Жефф Хьёрст тухайн цаг үедээ шигшээ тоглолтод хет-трик толилуулсан анхны тоглогч болсон юм.


Төгс гоол – 1970

Бразилын гурав дахь удаагаа түрүүлсэн энэ ДАШТ-нд Пеле гэдэг бол гайхамшиг байлаа. Ялангуяа шигшээ тоглолтод өөрийнхөө авьяас билэг, ур чадвараа төгс толилуулсан гэхэд болно. Шигшээ тоглолтын 18 дахь минутад тэр гоолдсоноос хойш бөмбөг түүнд байсан ч цохихыг урьтал болгохгүй байлаа. Улмаар тоглолтын эцсийн мөчид 86 дахь минутад хурд, хүчээр илүүрхдэг Карлос Албертод дамжуулж тэр ч гоол оруулснаар Бразил 4-1 харьцаагаар Италийг буулган авч түрүүлсэн юм.


Тарделлигийн хашхираан – 1982

Хөлбөмбөгийн ДАШТ, 1982 он. Италийн нийслэл Мадрид хот, Сантьяго Бернабеу цэнгэлдэх. Шигшээ тоглолтын 69 дэх минут. Италийн шигшээ багийн хагас хамгаалагч Марко Тарделли. 16 метрийн торгуулийн шугамын араас гоёмсог нэгэн гоол оруулж, гоолын баяраа гайхалтай тэмдэглэн, шигшээ багийн сэлгээнийхэн, дасгалжуулалтын багийнхан руу гүйв. Энэ тоглолтод шигшээ баг нь Баруун Германы шигшээг 3-1 харьцаагаар буулгаж аван, 52 жилийн дараа түрүүлсэн юм.


Эргэн ирэх гэж байтал – 1986

Энэ шигшээ тоглолт бол олон жил дурсагдах тоглолтын нэг. Аргентин-Баруун Германтай шигшээ тоглолтод таарч 74 дэх минут хүртэл 2-0 тэргүүлж байлаа. Гэтэл 74 дэх минутад Румменигге, 81 дэх минутад Фоллер нар гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхлэв. Аргентины шигшээ ч, хөгжөөн дэмжигчид ч шоконд оров. Тоглолт дуусахад ердөө зургаахан минут дутуу байтал алдарт Диего Марадона багийн анд Хорхе Бурручагад дамжуулалт өгснөөр 3-2-оор тэргүүлж, Аргентин хоёр дахь удаагаа “Алтан дагина” өргөх хувь тохиосон юм.


Марадонагийн нулимс – 1990

Баруун Герман 1-Аргентин 0. Эргэлзээтэй пенальт. Аргентины шигшээ багаас хоёр тоглогч талбайгаас хөөгдөв. Бүх ачаа Марадона дээр ирсэн ч нэг л болж өгөхгүй байлаа. Тоглолтын эцсийн шүгэл дуугарч Марадона доголон нулимстай талбайг орхисон юм. Уг нь тэд яг дөрвөн жилийн өмнө аваргын цом өргөж байлаа шүү дээ.


Гайхамшигт замнал, гайтай төгсгөл – 1994

Италийн шигшээ Бразилын эсрэг. АНУ-д болсон энэ ДАШТ-нд яах аргагүй энэ хоёр баг л “Алтан дагина” өргөх магадлалтай гэж тооцогдож байлаа. Гэвч Италийн шигшээ багийн тод од Роберто Бажжогийн хувьд толгойноосоо арчиж хаях тоглолтын нэг болсон юм. Энэ тоглолт үндсэн болон нэмэлт цагт ямар нэгэн гоол оролгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн. Улмаар 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийн хувь заяаг шийдэхээр болов. Торгуулийн шугамны ард Роберто Бажжо ирлээ. Цохилоо. Гэвч бөмбөг хаалганы дээгүүр өнгөрөв. Итали нулимстай үлдэж, Бразилын шигшээ дөрөв дэх удаагаа “Алтан дагина” өргөсөн юм.


Роналдо хаачив – 1998

Франц шигшээ тоглолтод алдарт Бразилын шигшээг ядах юмгүй 3-0 буулган авсан. Зинедин Зидан энэ тоглолтод хоёр гоолыг мөргөж оруулсан. Гэвч нэг зүйл одоог хүртэл нууцлаг хэвээр үлдсэн юм. Энэ тэмцээний турш өөрийгөө хангалттай батлан харуулсан Роналдо шигшээ тоглолтын гараанд багтаагүй. Түүний оронд Эдмундог гараанд багтаав. Одоог хүртэл хэн ч чухам ямар шалтгааны улмаас Роналдог гарааны бүрэлдэхүүнд багтаагаагүйг мэддэгүй. Бүр хэн ч шүү.


Өшөө авалт – 2002

Нууцлаг шалтгаанаар гараанд багтаагүй 1998 оны хар дарсан финалаас дөрвөн жилийн дараа Роналдо “ангасан адуу” шиг л ДАШТ-нд ирсэн. Тэр энэ тэмцээнд нийт найман гоол оруулж, Алтан шаахайн эзэн болсон юм. Финалын тоглолтын шилдэг тоглогчоор ч тэр шалгарсан. Тэр Германы эсрэг финалын тоглолтод 67, 79 дэх минутад гоол оруулснаар Бразилын шигшээ тав дахь удаагаа “Алтан дагина” өргөсөн билээ.


Мөргөлт – 2006

Зиданы аугаа замналын сүүлийн тоглолт. Италийн эсрэг ДАШТ-ний шигшээ тоглолт. Тоглолтын 110 дахь минут. Зинедин Зидан Италийн шигшээ багийн Марко Матераццигийн цээжинд мөргөлөө. Шүүгч өчиггүй улаан хуудас зааж, тэр талбайг чөлөөлөв. Тэр “Алтан дагинад” хүрч үзэлгүй, хажуугаар нь өнгөрөв. Итали пенальт цохиж түрүүлсэн. Хожим хойно Зинедин Зидан мөргөсөн үйлдэл нь Матерацци хэл амаар доромжилсонтой холбоотой гэж тайлбарласан ч талбай дээр чухам юу болсныг хэн ч үл мэднэ.


Бөгсөн дээр нь бүлээн жин тавив – 2010

Нидерландын эсрэг Испанийн шигшээ. Хоёр багийн аль нь ч “Алтан дагина” өргөж үзээгүй байлаа. Энэ шигшээ тоглолтод нийт 14 шар хуудас, нэг улаан хуудас өргөгдсөн. Орчин цагийн хөлбөмбөгийн ДАШТ-ны түүхэнд хамгийн бохир шигшээ тоглолт. Тоглолт пенальтаар хувь заяагаа шийдэх нь үү гэтэл 116 дахь минутад Андрес Иниьеста гоол оруулснаар Испанийн шигшээ анх удаагаа дэлхийн аварга болсон билээ.


Сэлгээгээр орж ирээд аварга – 2014

Бразилд болсон ДАШТ-нд эзэн орныг гутамшигтайгаар нутаг буцаагаад шигшээ тоглолтод Германы баг Аргентинтай учраа таарав. Тоглолтын 113 дахь минут. Германы шигшээгээс 88 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Марио Гёце торгуулийн шугам дотор цээжин дээрээ тогтоогоод гоёмсог нэгэн гоол оруулав. Месси тоглолтын төгсгөлд чөлөөт цохилт цохисон ч хаалганд оролгүйгээр Герман дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ бол сэлгээний тоглогч гоол оруулж аваргын хувь заяаг шийдсэн анхны тохиолдол юм.


Ердөө 97 секунд – 2022

Арабын хойгт болсон анхны ДАШТ. Финалын тоглолтод Аргентины шигшээ 80 дахь минут хүртэл 2-0 тэргүүлж байлаа. Гэтэл Францааас Килиан Мбаппе ердөө 97 секундэд хоёр гоол оруулснаар тоглолтыг тэнцүүллээ. Нэмэлт цагийн 108 дахь минутад Месси гоолдсон ч, 118 дахь минутад Мбаппе дахин гоолдсоноор ДАШТ-ний финалд хет-трик толилуулсан цөөхөн тоглогчийн нэг болсон. Ингээд аваргын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхэд Аргентин түрүүлж Марагийн сүнсийг баярлуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top