Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 1.7 хувиар өсжээ

19 цагийн өмнө

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний хагас жилд 70,171 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 74.4 хувьд Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар, 25.6 хувьд орон нутгийн прокурорын газруудаас хяналт тавьж ажиллажээ.

Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудын хяналт тавьсан гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан бол орон нутгийн прокурорын газруудын хяналт тавьсан гомдол, мэдээлэл 17 хувиар өсжээ.

 

Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл, 24,348 буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28,918 буюу 41.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 10,014 буюу 14.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 90.2 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН ХЭРЭГ ӨСЖЭЭ  

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар хэрэг бүртгэлтийн 68,150 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна.

Харин мөрдөн байцаалтын 22,448 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 46.5 хувиар өссөн.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн дийлэнх буюу 64 хувийг өмчлөх эрхийн эсрэг, 25 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, 10.4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 65 хувь нь залилах гэмт хэрэг байна.

Эхний хагас жилд 4,043 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 74 хувиар өссөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөх байгууллагуудад прокурорын шаардлага 95, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудад 469 мэдэгдэл хүргүүлжээ.

Зөрчигдсөн эрхийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, торгох болон эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 327 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь өмнөх оны мөн үеэс 1 дахин, 106 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн нь 3 дахин өсжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.240) 10 цагийн өмнө

СУИС- н 7 гаж донтонгийн хэргийг яагаад шийдэхгүй байна вэ? хуулийнхан ...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Top