БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагчийг чангатгасан хамгаалалттай угтжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНСУ-ын шигшээ багийн эх орны зүг хөлгийн жолоо залсан даруй Инчоны нисэх онгоцны буудалд аюулгүй байдлыг хангах зорилгоор 160 гаруй цагдаагийн алба хаагчийг дайчилжээ. Учир нь шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ээс хасагдсаны дараа ахлах дасгалжуулагч Хон Мён Богийн амь насанд заналхийлэх тохиолдол гарах болсон тухай “The Korea Herald” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээллээр, дасгалжуулагч Хон Мён Бо-г Өмнөд Солонгост ирсэн даруйд амь насанд нь халдах заналхийллүүд интернэтэд гарч ирсэнтэй холбогдуулан ийн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. Энэ зорилгоор Инчхон хотын цагдаагийн хөдөлгөөнт анги болон нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын албаны алба хаагчдыг дайчилж байна.

Шигшээ багийг Инчоны нисэх онгоцны буудалд буухад уурссан хөгжөөн дэмжигчид угтаж, ахлах дасгалжуулагчийг хөөсөн байна. Ийн таагүй уур амьсгал үүссэн байсан тул шигшээ багийнхан хэвлэлийн бага хурал хийлгүй, нисэх онгоцны буудлаас гарчээ.

Үүнээс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён шигшээ багийнхаа ДАШТ-д тоглосон байдлыг хатуу шүүмжилж, спортын яамандаа хандан ийн амжилтгүй үр дүн үзүүлсэн шалтгааныг шалгахыг үүрэг болгосон билээ.

Энэ дагуу тус яам Солонгосын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сөүлийн шүүх Хон Мён Бо-г шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилохдоо процедур зөрчөн гэсэн шийдвэр гаргаж байсан ч Солонгосын хөлбөмбөгийн холбоо давж заалдсан байна. Солонгосын шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн албан ёсны “Red Devils” клуб мөн ахлах дасгалжуулагчийг тус улсад ажиллах эрхийг хасаж, хөлбөмбөгийн спортоос явахыг шаарджээ.

Хон Мён Бо /57 настай/ өнгөрсөн ням гарагт ахлах дасгалжуулагчийн ажлаа өгөхөө мэдэгдсэн. Тэрбээр Өмнөд Солонгосын шигшээ багт 2013-2014 болон 2024 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд гэрээний хугацаа 2027 онд дуусах аж. 2014 онд БНСУ-ын баг плей-оффт шалгарч чадаагүй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top