Cancel Culture | Ам алдвал барьж болдог

Б.Сэцэн | Zindaa.mn
20 цагийн өмнө

Барьж болно. Ялангуяа нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ өөр түвшинд очсон энэ цагт ам алдвал барьж болдог болсон. Тэгээд дээрээс нь технологийн дэвшил байна. Гагцхүү олны танил гэх тодорхойлолтод багтдаг этгээдүүд чухам хаана, юу ярихаа бодож тооцоолохгүй бол олсон алдар нэр, замнал карьер нь хумхын тоос лугаа адил замхрах дээрээ тулна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь “таван өнчин хүүхдийн” тухай эв хавгүй ярьсан шогч этгээд байна. Сүүлдээ өөрийгөө зөвтгөнө лээ. “Би энэ улс оронд хохирол учруулаагүй. Намайг шүүдэг шигээ улс төрчидтэй тэмц” гэж. Ер нь биеэ өмөөрөх шилдэг арга л даа. Гэхдээ хоёр алтернативыг хооронд нь хольж биеэ өмөөрмөөргүй байна. Уг нь шунахай сувдаг улс төрчид болон гэмт хэргийн шинжтэй шог ярьдаг хоёр хүн адил ч энэ тохиолдолд морал гэдэг нэг зүйл яригдаж байгаа юм.

Олны танил хүмүүс нийгэмд ёс суртахуунгүй, гаж буруу, доромжилсон эсвэл бусдыг гадуурхсан үйлдэл, мэдэгдэл хийвэл соёлт нийгэмд “cancel culture” үүсдэг юм. Энэ үйлдэл 2000-аад оноос барууны зарим улс, азийн ихэнх улсад түгэн дэлгэрчээ. Хэн нэгэн ёс зүйгүй авирласан л бол цахим орчинд эрс шүүмжилж, дагагчдын тоог нь цөөлөөд зогсохгүй бизнесийн үйл ажиллагааг нь зогсоох, хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллагууд хамтын ажиллагаагаа зогсоох зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг. Өмнөд Солонгос болон Японд энэ хариуцлагыг гэрээнд ягштал тусгадаг болжээ. Хэрэв ёс зүйгүй үйлдэл гаргаад тэр нь нийгэмд газар аваад, тухайн хамтран ажилладаг субъектийн нэр хүндэд нөлөөлөөд эхэлбэл гэрээгээ цуцлаад зогсохгүй, үүссэн хохирлыг нөхөн төлүүлдэг жишиг үйлчилж байна.

Олны танил хүний амнаас гарсан үг хэн нэгний сэдэл болж байдаг жамтай...

Монгол Улсад “cancel culture” гэх ойлголт нутагших яагаа ч үгүй байна. “Хүн нэг алдаа л биз” гэж хардаг болохоос “алдаж болохгүй” гэж хардаг хүмүүс цөөн. Хэдийгээр нийгмийн сүлжээний хуудаснуудад эсэргүүцлийн пост хангалттай бичдэг ч үйлдэл болгон тэмцдэг хүмүүс цөөн байна. Үйлдэл болгож тэмцсэнийг нь ялгаварлан гадуурхдаг хэлтгий жишиг ч байна. Зөвхөн Ханугийн үйлдлээс гадна СУИС-ийг  төгссөн жүжигчид хэрхэн булли хийдэг байснаа нийгэмд ярихад анзаарч хардаг хэн нэгэн алга. Сая яахав наадам наргианы дараа амарсан “ажилгүй” байх үедээ анзаарсан болохоос жирийн үед энэ сэдэв гурав хоногийн яриа байж байгаад л замхарна.

Хану яахав яриа л биз гэж уншигч та бодож байж болох. Гэхдээ түүний ярьсан энэ сэдэв нь хүчирхийллийн сэдэлтэй, бүр “таван өнчин хүүхэд олоод...” гэж байгаа нь хүчирхийлэл үйлдэхийг завдсанд тооцогдоно. Нөгөөтээгүүр түүний комедиг олж сонсдог өсвөр насныхан нээрээ энэ чинь юу билээ гэж бодох сэдэл болж байгаад хамгийн чухал нь оршино. Таван жилийн өмнө Франц улсад яг ийм тохиолдол гарсан. Орон нутгийн нэр хүндтэй радиогийн “DJ” хар тамхи хэрэглээд амиа хорлох тухай ярьснаас болоод ойр хавийн гурван ч хүн яг адилхан үйлдлээр амиа хорлосон хэрэг гарч байлаа. Олны танил хүний нөлөөлөл гэвэл ийм. Яахав “ам халаад”,  “юм бодолгүй” ярьсан гэж тухайн субъект бодож байж болох ч амнаас гарсан л бол тэр үг бол хэн нэгний үйлдэл, хэн нэгний сэдэл болж тогтдог жамтай. Чухам иймээс “cancel culture” гэдгээр нийгмээс шахаж, ийм алдаа гаргахгүй байхыг бусдад нь ойлгуулаад байгаа юм!

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.240) 10 цагийн өмнө

СУИС- н 7 гаж донтонгуудын хэрэг яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна ? Хууль, охид бүсгүйчүүдээ хамгаалж, үнэн зөв шийдвэр гаргахгүй бол тэдний гэр бүлийнхэн донтонгуудтай хувийн тооцоо боддог болохоос өөр гарц үлдэхгүй бололтой....ингэвэл улс орон юу болох бол ??? хуулинхан...

0  |  0
арай арай(202.9.41.120) 10 цагийн өмнө

Гол нь ийм аймшигтай сэтгэл зүйтэй, ёс суртахуунгүй залуус байгаа нь, түүнийгээ нийтэд ямар ч ичиж зовох сэтгэлгүй гаргаж байгаа нь хамгийн аймаар. Таслан зогсоох хэрэгтэй.

1  |  0
Х(66.181.185.132) 10 цагийн өмнө

Хүүхдүүд тв.р хэлсэн үгийг дууриагаад цээжилдэг..утгыг нь ойлгохгүй...сурталчилгааны дууг дагаадл дуулдаг..тмээс тв.р хэлэх үг гаргах нэвтрүүлгээ сайн бодож бх хэрэгтэйшүүүү

1  |  0
Top