САЙН уу, МУУ юу аль нь вэ хө?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хотын даргын суудал эзгүй энэ цаг мөчид Ардын намынхан юу гэж байгааг харж байна уу. Ерөнхий сайд нь муу ажиллалаа гэж амралтын өдөр тонгорсон байхад “сайн ажилласан” гээд ярьж, өмөөрч байгааг. Сайн байсан бол яах гэж намын даргаараа тонгоруулсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Мега төсөл, Туулын хурдны замдаа л ороогдоод унасан болохоос Ардын намын засагласан Засаг дарга нараас хамгийн үр дүнтэй ажилласан нь магадгүй Х.Нямбаатар байх. Гэхдээ өнөө маргаашийн улс төрийн салхинд хийсэн нь бас л гарцаагүй үнэн.

Сайн сайн тэр бол сайн Санаачилдаг бол мундаг сайн

Үнэн дээ сайн байсан. Хотын алдагдсан өмчүүдийг “эздээс нь” аваад жинхэнэ эздэд нь өгсөн. Зөвшөөрөлгүй гражуудыг буулгаад нийтийн эзэмшлийн талбай болгосон. Хотын замын сүлжээг сайжруулах ажлыг үе шаттай хийсэн. Нийтийн тээврийн зах замбараагүй байдлыг бүрэн халаад парк шинэчлэл хийн, жолооч нарын цалинг нэмсэн. ТҮК-үүдийг ч мартаж болохгүй. ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж тодорхойлоод зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг ачиж эхэлсэн. Нийслэл хот түүхэндээ анх удаа бонд гаргаж, томоохон төслүүдээ санхүүжүүлэх болсон. Олон жил улстөрчдийн цээжний шүлэг байсаар ирсэн метро төслийг эхлүүлсэн. Өөр дээрээ гал дуудаад 15 жил ярьсан Туулын хурдны замын төслийг гараанаас гаргасан. Тоо нь олдчихсон л болохоос хөгжлийн төслүүдээ эрэмбэлээд хөрөнгө оруулалт татаж эхэлсэн.

Ер нь Орон нутгийн сонгуульд нийслэлд үнэмлэхүй олонх болгосон нь л Х.Нямбаатарыг гурван засагт нүүртэй байлгасан юм. 

Тоочоод байвал олон “сайн” Х.Нямбаатарт харьяалагдана. Үүнээс хамгийн сайн нь 2024 оны орон нутгийн сонгуульд нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан явдал. Олон жил цэнхэртсэн Сүхбаатар дүүрэг ч улайрах тийшээ хандсан нь түүний гавьяа байх. Үүнийг нь харвал МАН-ын гишүүд түүнийг сайн ажилласан гэж дүгнэхээс өөр аргагүй.

Аа яа яа тэр зан муу Авир нь ихдэхээр бүр ч муу

Хоёр ч засгаа тонгорсон Ардын намынхан Улаанбаатар хотын засаг даргад халдаж чадаагүй. Халдъя гэхээр улс төрийн хувьд томоохон ялалтыг нийслэлд байгуулчихсан болохоор логик үндэслэл байгаагүй болохоор тэр байх. Чухамдаа улс төрийн дэмжлэг нь намын аппаратад буй хүмүүсээс огт байгаагүй тул сүүлийн үед хотын даргын авир нь дэндсэн юм. Ялангуяа Н.Учралын өнгөн дээр бүр ч дэндсэн. Уг нь Н.Учрал дарга болж тодрохдоо Х.Нямбаатартай хамтарч ажиллаад, хотын төслүүдийг хөдөлгөнө гэж байв. Гэвч намын хуучин кадрууд үүнд нь дургүй байсан. Сүүлдээ Хотын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүний үгийг нохой хуцахын дайтай тоогоогүй нь Н.Учралын дургүйг хүргэсэн. Намын хуучин кадрууд дургүй байгаа нь сошиал хуудсаар хөвөрсөн шүүмжлэлийн олон постоос харагдана. “Туулаа аваръя” хөдөлгөөнийхөн гэнэт гараад ирсэн гэж уншигч та бодож байна уу. Ядахдаа Туулын хурдны замын төлөвлөгөө, төсөл гэнэт гэрэл цохисон гэж бодож байна уу. Үндсэндээ нэгдүгээр хүний дургүйг хүргэж, сүүлдээ 1, 2, 3-ынхаа эсрэг ч зогсох олны дэмжлэг авч мэдэх тул гэнэт гэрэл цохисон юм. Сүүлдээ хотын санаачилсан бүгдийг амтай болгон нь ноолох болсон тул Н.Учралын хувьд Х.Нямбаатарыг намын даргын хувьд тонгорохоос өөр аргагүй болсон.

Улс төрийн дэмжлэг нам дээр суларсан нь л хотын даргын авирыг ихдүүлсэн...

Нэг ёсондоо Н.Учралын өсгийнд шигдсэн өргөс нь Х.Нямбаатар болсон тул тонгорч унагаах нь цаг хугацааны асуудал байлаа. Улс төрийн салхи нэгэнт өөрийг нь хийсгээд унагахыг мэдсэн тул Х.Нямбаатар сошиалд идэвхтэй болж, зарим төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж “лайв” хийх нь нэмэгдсэн юм.

***  

Одоо Хотын даргын төлөөх өрсөлдөөн Ардын нам дотор өрнөж эхэлсэн. Сүүлийн үед хотын даргад нэр нь идэвхтэй яригдаж, гэрэл цохиод буй Б.Пүрэвдагва гэнэт гараад ирсэн нэр биш. Социал Демократ залуучуудын холбооны ерөнхийлөгч гэдэг нь Н.Учралын өмнө нь хашиж байсан албан тушаал. Тэгэхээр өөрийнх нь замналаар замнаж буй, нэгдүгээр хүнээр крандуулж буй энэ нэр дарга болоход гайхах зүйлгүй. Гэхдээ байна аа, нэгэнт засаг нь дэнжгэнээд эхэлсэн учраас Н.Учрал балансаа хадгалахаас өөр замгүй болсон. Эс тэгвэл сонгуулийн өмнөхөн түүнийг нудраад унагаачхаж мэдэх л юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.47.65) 22 минутын өмнө

Нямбаатар шиг зоригтой, эрч хүчтэй, бүтээлч ажиллах хотын дарга дахин гарахгүй дээ. хармсалтай........

0  |  0
Top