Ла Лиг | Барселона 29 дэх түрүүгээ хүртлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ла Лигийн түүхэнд хоёр дахь удаагаа аваргын хувь заяа Эль Класикогоор шийдвэрлэгдлээ. Барселона клуб өөрийн талбайдаа заналт өрсөлдөгч Реал Мадридыг 2-0 ялалт байгуулснаар ийнхүү Ла Лигт 29 дэх түрүүгээ хүртлээ.

Өнгөрсөн шөнийн тоглолтод багийнхаа андтай хайр найргүй зодолдсон Аурелиен Чуамени талбайд гарсан нь олон хүнийг гайхшруулсан байх. Гэхдээ үнэндээ энэ чухал тоглолтод түүнийг орлох тоглогч байгаагүйтэй холбоотой. Уг нь Реал Мадрид талбай дээр гарахдаа Барсагийн аваргын найрыг хойшлуулах хүсэлтэй байсан. Гэвч хүсэхэд хясна гэгч л болж тоглолтын ес дэх минутад Маркус Решфорд 16-ийн шугамны гаднаас гайхалтай гоол оруулснаар улирлын гоолын тоог 14 болгосон юм.

Эхний гоолын дараа талбайн эзэд бөмбөг эзэмшиж, гоолын боломж хайсан ч үр дүнд хүрээгүй. Довтолгоонд анхаарлаа хандуулж, хамгаалалтдаа цоорхой гаргасан Реалын байдлыг ашиглаж Ферран Торрес 18 дахь минутад гоол оруулснаар тоглолтыг итгэл дүүрэн тэргүүлж эхэллээ. Тэр энэ улиралд 12 дахь гоолоо оруулсан нь энэ. Хэдийгээр Мадридчууд тоглолтын нэгдүгээр үе дуусахаас өмнө гоол оруулахаар хэд, хэдэн боломж гаргасан ч үр дүнд хүрээгүй.

Өглөө дэндүү гунигтай эхэлсэн ч үнэхээр сайхан өндөрлөлөө. Ааваа алдана гэдэг хэцүү. Гэхдээ энэ миний ажил. Энэ хүртэл биднийг дэмжсээр ирсэн хөгжөөн дэмжигчид, багийн удирдлагууддаа баярлалаа

Барселона клубийн дасгалжуулагч Ханси Флик

Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд Барса идэвхтэй шахалт үзүүлж эхэсэн. 60 дахь минут хүртэл бүтэн 20 гаруй минут бөмбөг эзэмшилт хангалттай байсан Барса тооны зөрүүг холдуулах гэж оролдсон. Яг энэ үетэй зэрэгцэн 60-80 дахь минут хүртэл Реалын бөмбөг эзэмшилт сайн байсныг онцлох нь зүйтэй. Гэвч үр дүнд хүрч чадаагүй. Уг нь Жюд Беллингем гоол оруулсан ч отон тоглолтод орсон тул тооцоогүй. Үүнд нь Реалын тоглогчид ихээхэн дургүйцэлтэй хандсан юм. Тоглолт дуусахад 20 минут үлдээд байсан ч Барсагийн фенүүд ялалтын дуугаа дуулаад эхэлсэн байлаа. Тэд Барсагийн оновчтой дамжуулалт бүрд алга нижигнүүлэн ташиж, хаалга руу цохих бүрд уухай хадаасаар байсан юм.

Ийнхүү Реал Мадрид клуб 2009/10 оны улирлаас хойш анх удаагаа нэг ч цомгүй улирлаа үдэх гэж байна. Барселона клубийн хувьд энэ улиралд талбайдаа 18 ялж, хоёр дараалан түрүүллээ. Фликийн залуус улирал дуустал гурван тоглолт үлдээд байхад ийнхүү 14 онооны зөрүүтэй хүснэгтийг тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top